Хуралдааны тойм Буцах

Лхагва гариг /2009.12.16/

Огноо: 2009/12/17  Уншсан: 9

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

           2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

            Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны хуралдааны “В” танхимд 16.05 цагт эхлэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга З.Энхболд даргалав.

 

            Хуралдаанаар:

 

            1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн хөрөнгийн зарцуулалт болон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд Засгийн газрын холбогдох яам, төрийн байгууллагуудтай хамтран шалгаж танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Э.Мөнх-Очир танилцуулав.

 

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэх шинжээч томилж ажиллуулахаар шийдвэрлэв.

 

2.Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого,  хамтын  ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар, мөн газрын орлогч дарга Т.Доржханд нар байлцав.

 

Тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах боломжтой гэсэн горимын санал гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Наранхүү илтгэхээр тогтов.

 

3. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Хуралдаанд Сангийн дэд сайд Т.Очирхүү, Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого,  хамтын  ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар, мөн газрын орлогч дарга Т.Доржханд, мөн газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын орлогч дарга Б.Биньеэ, Малын индексжүүлсэн даатгал төслийн хэрэгжүүлэх нэгжийн захирал Я.Өлзийболд, Төслийн олон нийтэд танилцуулах зохицуулагч Д.Мөнхтөр, Төслийн дотоод зөвлөх Т.Гантөмөр нар байлцав.

 

Хэлэлцээрийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Н.Энхболд, З.Энхболд нар асуулт асууж, ажлын хэсгээс Т.Очирхүү, Т.Доржханд, Я.Өлзийболд, Д.Мөнхтөр нар хариулж нэмэлт тайлбар өгөв.

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Наранхүү, Ч.Хүрэлбаатар, Н.Ганбямба, Н.Энхболд  нар мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо бий болж байгаа нь зүйтэй гэж үзэн, цаашдаа төслийн хүрээнд малын индексжүүлсэн даатгалд бүх аймгуудыг хамруулан, төсөл хэрэгжүүлж буй байгууллагууд болон даатгагч, даатгуулагчдын бүтцийг боловсронгүй болгоход анхаарах, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд төсөл хэрэгжих хугацаанд даатгалын зах зээлийн зарчмуудыг түлхүү нэвтрүүлэх, хураамжийн хэмжээгээрээ дамжуулж эрсдэлээ бууруулах сонирхолыг нэвтрүүлэх арга хэмжээ авах зэрэг санал гаргав.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Наранхүү, З.Энхболд нар малын индексжүүлсэн даатгалын борлуулалтанд оролцож байгаа хувийн даатгалын компаниудын үүрч байгаа эрсдэл болон Засгийн газрын хүлээх эрсдэлийг давхар даатгалд хамруулж, давхар даатгалын сан байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

 

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, Нэмэлт санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөв.

 

             Хуралдаан 17.35 цагт өндөрлөв.

 

 

                                                Тойм бэлтгэсэн: Шинжээч С.Эрдэнэчимэг