2009.07.20.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь 2009 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх хууль, бусад шийдвэрийн төслийн хэлэлцүүлэгийн бэлтгэлийг хангах, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын байгууллагын зарим төлөөлөгчтэй уулзан хамтын ажиллагааны чиглэл бодлогоо тодорхойлох, хуулийн хэрэгжилтийг шалгаж, танилцах чиглэлээр ажиллаж ирлээ.
Тус Байнгын хорооны үйл ажиллагаа нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал боловсруулах, урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргах, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ.
Байнгын хорооны ажил нь Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явагдаж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн гэж дүгнэж байна.
Байнгын болон дэд хорооны үйл ажиллагааны тайланг гаргахдаа Байнгын хорооноос зохион байгуулсан хуралдаан, хяналт шалгалтын ажил, төлөвлөгдсөн бусад асуудлын биелэлт, дотоод бичиг хэргийн байдал зэргийг гол болгон авч, хорооноос гаргасан мэдээ, тайлан, хуралдааны протокол, дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг үндэслэл болгов.
2009 оны намрын ээлжит бус чуулган
2009 оны 02 дугаар сарын 12-ноос 2009 оны 03 дугаар сарын 13 хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын намрын ээлжит бус чуулган хуралдлаа.
Ээлжит бус чуулганы хугацаанд 2009 оны 02 дугаар сарын 19, 20, 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд Байнгын хороо хуралдсан. Хуралдаанаар:
1.Иргэдийн зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яамны хооронд солилцсон Ноот бичгийг соёрхон батлах тухай
2.Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг
3.Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ипотекийн барьцаат зээлийг хөгжүүлэх төслийн зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлуудыг тус тус хэлэлцсэн.
Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг Нийслэл, дүүргийн Засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбоо хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, дүнг танилцуулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Сууц өмчлөгчдийн холбооны ажлын хэсэг 2009 оны 02 дугаар сарын 03, 06-ны өдрүүдэд хуралдсан. Мөн Нийслэлийн орлогч дарга Д.Мөнхбаатар, Нийслэлийн газрын албаны дарга Д.Сандуй, Б.Дунгармаа нартай биечлэн уулзаж санал солилцсон. Ажлын хэсэг үргэлжлэн ажиллаж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсан.
2009 оны хаврын ээлжит чуулган
Нэг..Байнгын хорооны бичиг хэрэг, дотоод ажлын талаар:
2009 оны 04 дүгээр сарын 06-наас 07 дугаар сарын 17 хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган хуралдав. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороонд иргэд, байгууллагаас нийт 1794 хуудас бүхий 261 албан бичиг, 304 хуудас бүхий 147 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна.
УИХ-ын гишүүдэд 25781 хуудас материалыг 33 удаа тараасан байна.
2009 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 18 удаа хуралдаж, Байнгын хороо болон дэд хорооны хуралдаанаар 24 асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлаар 20 дүгнэлт, мөн зөвшилцсөн 12 гэрээ, конвенцийн 12 албан бичиг, 18 санал дүгнэлт, 12 хурлын тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүллээ.
Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, тогтоол, ирсэн ба явсан бичиг тус бүр 1 боть, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хувийн хэргийн 8 боть, зөвшилцсөн гэрээ конвенцийн 3 ботийг тус тус архивт шилжүүллээ.
Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн ирцийн дээд түвшин 75.0 хувь, доод түвшин 55.0 хувь, дундаж ирц 65.0 хувь, хуралдаан үргэлжилсэн нийт хугацаа 20.00 цаг, үүнээс дээд түвшин 3.20 цаг, доод түвшин 0.10 цаг байсан ба дундаж хугацаа 1.20 цаг байсан статистик үзүүлэлттэй байна.
Хоёр.Хууль, бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан байдал
Тус Байнгын хороо нь хуралдааны хуваарь ёсоор нийт 18 удаа хуралдаж дараах хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан батлуулж, олон улсын гэрээ, конвенцийг Байнгын хороогоор зөвшилцөн санал дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд:
1.Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
2.Олон улсын далайн байгууллагын Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай 1976 оны конвенцид болон нэмэлт, өөрчлөлт оруулсан 1996 оны протоколд нэгдэн орох тухай зөвшилцөх
3.Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын хооронд байгуулсан техникийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зөвшилцөх
4.Монгол Улс, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд байгуулах Уньт-Мөрөнгийн чиглэлд авто зам барих төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх
5. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт” хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төслүүдийг зөвшилцөх
6.Хөлөг онгоцны шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай Хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд хортой бодис ашиглахыг хянах тухай, Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын конвенци, протоколд нэгдэн орох тухай зөвшилцөх
7.Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
8.Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Монгол Улсын Үндэсний статистикийн системийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх
9.Дэлхийн шуудан холбооны бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит Их Хурлаар баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн 8 дугаар нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан протоколд нэгдэн орох тухай зөвшилцөх
10.Монгол Улсын төрөөс цацраг идэвхит бодис ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг
11.Кувейт Улсын нийслэл Эль-Кувейт хотод Монгол Улс ЭСЯ нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
12.Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай 1952 оны конвенцид 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөх
13.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Зэвсэгт хүчний сан/
14.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг
15.Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт” хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
16. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Монгол Улсын Үндэсний статистикийн системийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
17.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсаас гадаад орнуудад суух зарим Элчин сайдыг томилох тухай зөвшилцөх
18.Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох тухай зөвшилцөх
Гурав: Хяналт шалгалтын ажлын талаар
Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж өнгөрсөн хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэд хэдэн хуулийн биелэлтийг шалгаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/05 тоот тогтоолоор Нефть бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Тамсаг, Дорноговийн сав газарт газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг Монгол”, “Доншен газрын тос Монгол” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, дүнг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн гишүүд 2008 оны 10 дугаар сарын 18-нд Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг Монгол”, 12 дугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Доншен газрын тос Монгол” ХХК-ний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан газрын тосны салбарт хэрэгжиж буй хуулиудын хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний биелэлтийн явц байдлыг шалгаж танилцсан. Үүнээс гадна ажлын хэсэг 2 удаа хуралдсан ба хяналт шалгалтын ажлын дүн боловсруулалтын шатандаа ажиллаж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангах, Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 2 дугаар байрыг түрээсийн гэрээгээр ашиглуулсантай холбоотой асуудлыг шалгаж дүнг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ хугацаанд ажлын хэсэг Гадаад харилцааны яам, Нийслэлийн газрын алба, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас холбогдох баримт бичгүүд, танилцуулгыг гаргуулан авч ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд, ажлын хэсгийн дүгнэлт гарч, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Уг асуудлыг 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдөр анхны хэлэлцүүлгээр баталсан.
Улсын Их Хурлын даргын 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар захирамжаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Хилийн хяналтын байгууллагын болон Монгол, Хятадын хилийн зарим боомтын үйл ажиллагаа, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн 2009 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Замын-Үүд боомт, Ханги-Мандал боомт, Сулинхээрийн отряд, хилийн цэргийн дугаар ангиудаар газар дээр нь очиж ажилласан. Мөн Монгол-Оросын хилийн боомт, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, гадаад иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын үйл ажиллагааны талаар танилцуулгуудыг албан ёсоор гаргуулан авч, ажлын хэсэг санал дүгнэлт гаргах шатандаа ажиллаж байна.
Байнгын хороо 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоороо “Бороо гоулд” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-гээ зөрчсөн, гэрээнд хамаарах ашиглалтын 198А тусгай зөвшөөрлийн тухай, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон хууль бусаар олборлосон гэх мэдээллийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хэрхэн шалгаж, хяналт тавьж буйг шалгаж, дүнг танилцуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний татварын ерөнхий газар дээр очиж холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцсон.
Олон улсын далайн байгууллагын Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай 1976 оны конвенцид болон нэмэлт, өөрчлөлт оруулсан 1996 оны протоколд нэгдэн орох тухай хуулийг зөвшилцөөд, уг хуулийн төсөл нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.1 дэх заалтыг зөрчин орж ирсэн тул Байнгын хорооны тогтоолоор уг асуудлаар Засгийн газарт үүрэг өгөгдсөн. Засгийн газар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-1/102 тоотоор хуулийн төслийн татан авч буйг мэдэгдээд, уг протоколд гарын үсэг зурсан албан тушаалтантай хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Гадаад харилцааны сайд С.Батболд нарт үүрэг болгосон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газраас албан тоотоор мэдэгдсэн.
2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа Ураны тусгай зөвшөөрөл эзэмшиж буй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг сонслоо. Уг мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах тухай тогтоол гарч, Засгийн газарт үүрэг өгсөн.
Мөн өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас Гадаад харилцааны сайдад тавьсан “Монгол Улс, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1971 оны нууц протокол”-ыг Олон улсын гэрээ, Венийн конвенци болон Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр байр сууриа Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д албан ёсоор тавьж, хэрхэн шийдвэрлэж байгаа асуудлын талаарх асуултын хариуг сонсож, энэ асуудлыг хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд ярилцаж тохиролцсоны дагуу эцэслэн шийдвэрлэх, ажлын явцыг шалгах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 1 удаа хуралдсан. Ажлын хэсэг цаашид чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж дуусгахаар төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн Д.Алтангэрэл Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замын ашиглалт болон хадгалалтын талаарх Төрийн өмчийн хорооны мэдээллийг сонсох хүсэлт гаргасны дагуу Байнгын хороо мэдээллийг сонсохоор бэлтгэл ажлыг хангаж уг асуудлаар тухай үеийн Засгийн газрын болон Төрийн өмчийн хорооны тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаал, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын албан тооттой танилцаж, Байнгын хорооны тогтоолын төсөл бэлтгээд байна. Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2009 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд баримтлах төрийн бодлогыг тодорхойлж, салбарын хууль тогтоомжийг боловсронгүй болгох, эрх зүйн орчныг бүрдүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажилласан болно.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны
Ажлын алба