Тайлан Буцах

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС 2010 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Огноо: 2010/07/16  Уншсан: 15

2010 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС     

ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

2010.07.09.                

                                                                                               

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь УИХ-ын 2010 хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын байгууллагын зарим төлөөлөгчтэй уулзан хамтын ажиллагааны чиглэл бодлогоо тодорхойлох, хуулийн хэрэгжилтийг шалгаж, танилцах чиглэлээр ажиллаж ирлээ.

 

            Нэг.Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан байдал

           

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлыг хангаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулсан. Үүнд:

 

1.НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

2.Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

3.Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

4.Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга /Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль/-ын тухай хуулийн төсөл

 

5.”Барааны тэмдэгийн хуулийн тухай Сингапурын гэрээ”-нд Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл

 

6.Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

7.”Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

8.”Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНУУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

9.”Барааны тэмдэгийн хуулийн тухай Сингапурын гэрээ”-нд Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

10.Монгол Улс, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл

 

11.Улсыг батлан хамгалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгогдсон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл

 

12.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

 

Дараахь олон улсын гэрээ, конвенцийг тус Байнгын хороогоор зөвшилцсөн байна. Үүнд:

 

1.Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төсөл зөвшилцөх

 

2.Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд байгуулах техникийн хамтын ажиллүагааны хэлэлцээрийн төсөл зөвшилцөх

 

3.Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх

 

4.Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Гонгконг хотод Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай зөвшилцөх

 

5.Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2”, “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай зөвшилцөх

 

6.Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөх

 

Түүнчлэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд намрын чуулганаар хэлэлцэн батална.

 

Хоёр.Хяналт шалгалтын ажлын талаар

 

Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж өнгөрсөн хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэд хэдэн хуулийн биелэлтийг шалгаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

 

1.Гадаад аккредитивыг зохицуулалт, хяналтгүй нээсэн явдал нь арилжааны зарим банк дампуурахад хүргэсэн гэх үндэслэл, энэ нөхцөл байдалд Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт хэрхэн хангагдаж байсан, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдалд энэхүү нөхцөл байдал нь хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаар ахлуулан ажиллуулсан. /Хаалттай/

 

2.Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг ажилласан. 2010.02.10-ны өдөр ажлын хэсэг хуралдаж, Монгол Улс элсэн орсон олон улсын байгууллага дахь Монголын талын гишүүнчлэлийн оролцоо, тухайн олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлж буй ашиг тус, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, тухайн олон улсын байгууллагын удирдах байгууллага болон зохион байгуулалтын бүтцийн нэгжид сонгогдон идэвхитэй оролцох тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл гаргаж өгөхийг ГХЯ-нд даалгав. ГХЯ, ХЗДХЯ-наас ирүүлсэн материалуудтай танилцаж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг төсөл боловсруулж, ажлын хэсгийн гишүүд тодорхой санал гаргаад байна.  

 

Олон улсын байгууллагаас тодорхойлолт захидал авахаар ГХЯ-нд 2010.05.06-ны өдөр 9/3800 албан бичиг явуулсан. Монгол Улсын оролцооны талаарх тодорхойлолт захидал ирэхэд хугацаа шаардагдах тул АБГББХ-ны даргад ажлын хэсгийн ажиллах хугацааг 9 сар хүртэл сунгаж өгөх албан бичгийг 2010.05.22-ны өдөр явуулсан.

 

3.”Оюу толгой” төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийн талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн тухай дүн болон ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаар ахлуулан ажилласан. 2010.02.22-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон. Оюу толгой ХХК, Усны хэрэг эрхлэх газраас тус бүр 1 удаа, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2 удаа тус Байнгын хороонд хариу ирүүлсэн. Мөн ажлын хэсгээс 2010.04.27-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд дүгнэлтээ танилцуулж, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хууль гарсны дараа Байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэв.

 

4.1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаагаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Чулуунбатаар ахлуулан ажиллаж байна.

 

5.2010.03.11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах сүлжээ байгуулах төсөл, Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төсөл,  Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл,  Улаанбаатар хотын зам, тээврийн оновчтой систем төсөл, Эрчим хүчний төсөл, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөлтэй тус тус танилцсан. Сангийн яамнаас нэмэлт материал гаргуулж авсан. Ажлын хэсэг үргэлжлэн ажиллаж байна. 

 

Гурав.Байнгын хорооны бичиг хэрэг, дотоод ажлын талаар:

 

            2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 22 удаа, 29 цаг хуралдаж, Байнгын хороо болон дэд хорооны хуралдаанаар 38 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцэж, 44 санал, дүгнэлт гаргасан.  Мөн Байнгын хорооны хуралдаанаар 8 гэрээ, конвенцийг зөвшилцөж, хурлын тэмдэглэлийг санал, дүгнэлттэй хамт Засгийн газарт хүргүүллээ. Ажлын хэсэг 9 удаа, 12.15 цаг хуралдсан.

 

            Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн ирцийн дээд түвшин 88.0 хувь, доод түвшин 55.0 хувь,  дундаж ирц 63,5 хувь, хуралдаан үргэлжилсэн нийт хугацаа 29.00 цаг,  үүнээс дээд түвшин 4.25 цаг, доод түвшин 0.10 цаг байсан ба дундаж хугацаа 1.31 цаг байсан статистик үзүүлэлттэй байна.

 

2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороонд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 1793 хуудас бүхий 368 албан бичгийг хүлээн авч, 71 хуудас бүхий 22 тоот албан бичгийг явуулж, 570 хуудас бүхий 168 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүдэд 24427 хуудас материалыг хувилж, 43 удаа тараасан байна.

 

Дөрөв.Бусад асуудлын талаар

 

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах гал, ус, гамшгийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтэц, үерийн усны далан, гүүр зэрэг нь иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаатай холбогдуулан 2010 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Туул, Сэлбэ голын хөгжлийн төслийн үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын “Чунгсук” ХХК-ийн төлөөлөгчид УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төслийг өргөн барихаас өмнө 2010 оны 05 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төсөл”-тэй танилаж, санал солилцох семинарыг Байнгын хорооны гишүүдийн дунд зохион байгуулж, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тус төсөлд тусгасан байна.

 

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2010 оны  хаврын ээлжит чуулганы хугацаанд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд баримтлах төрийн бодлогыг тодорхойлж, салбарын хууль тогтоомжийг боловсронгүй болгох, эрх зүйн орчныг бүрдүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажилласан болно.

 

 

 

 

 

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

Ажлын алба