Мэдээллийг ачааллаж байна ..

Танд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Улсын Их Хурлын тухай” хуульд “Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газартай байна” хэмээн заасан байдаг.

УИХ-ын Тамгын газар нь УИХ-аас хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий бие даасан, мэргэшсэн, төрийн захиргааны байгууллага юм.

Мянганаар тоологдох төрт ёсныхоо түүхэн өв уламжлал, залгамж чанарыг хадгалах, дэлхийн улс түмнүүдийн төр ёсны тунгаагдмал сан хөмрөг, орчин цагийн төрийн тогтолцоо, эрх үүрэг, үзэл баримтлал, үйл ажиллагааны нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шилмэл арга хэлбэрээс суралцахад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан бүр үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

УИХ-ын үе үеийн Тамгын газар, түүний ажилтнууд хуульд заасан үүргээ биелүүлж, ажил албандаа өндөр хариуцлага, шударга зарчим, мэргэшсэн байдал, ёс зүйг эрхэмлэн ажилласаар ирсэн бөгөөд УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаанд үйл ажиллагаа явуулах Тамгын газар нь 7 хэлтэс, 16 алба, нийт 23 нэгжтэй, 180 орчим албан хаагчтайгаар ажиллаж байна. Бид үндсэн чиг үүргээ цомхон, чадварлаг бүтцээр шуурхай, чанартай гүйцэтгэх шаардлагыг үндэс болгон Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн болно.

УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, УИХ, түүний Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, хэлэлцүүлэг, хянан шалгах чиглэлээр гүйцэтгэж буй ажлыг олон нийтэд шуурхай, үнэн зөв, ил тод, нээлттэй байдлаар хүргэх, иргэдийнхээ санал бодлыг сонсох, авах нь бидний нэг үндсэн зорилт юм.

Тиймээс УИХ, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар болон хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг илүү үр дүнтэй, боловсронгуй, олон талтай, чанартай хэрэгжүүлэх чиглэлээр иргэд Та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.

Төрийн минь сүлд монгол хүн бүхнийг ивээх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЦЭДЭВИЙН ЦОЛМОН


Хуралдааны тов