Цэс

Холбоо барих

Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж, Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүний асуулгад хариулт өгөв

“Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

     Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.


     Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй элэгний С вирусын халдварын голомтыг 2020 он гэхэд устгаж, элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо хийж байх” зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлан, хөтөлбөрийг үндсэн 6 чиглэлээр 2 үе шаттай хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд дурдав.

     Хөтөлбөрийг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий олон салбарын оролцоотойгоор хамтран хэрэгжүүлж, эхний шатанд эрсдэлт бүлгийн хүн ам болох 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд, вирусийн халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамруулах ажлыг байгууллаа. Олон салбарын төлөөлөл бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг нь хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, тулгамдсан асуудлыг аймаг, дүүргийн болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байна.

   Юуны түрүүнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах журам” боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор хепатитийн В, С вирусийн шинжилгээ, С вирусийн идэвхжлийг тогтоох шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээг, сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторид С вирусийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээг тус тус хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн 5 нэрийн эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр, нэг курс эмчилгээний зардлыг үргэлжлэх хугацаанаас хамааран 630 мянгаас нэг сая 260 мянган төгрөгөөр хямдруулан олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний зардалд 6,3 тэрбум, С вирусийн эмчилгээний зардалд 9,6 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн хепатитийн В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнийг хамруулсан байна.

     Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчлөлөөс эмчлэн эдгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал эрүүл мэндийн сайдын төсөв энэ онд 760,3 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны төсвөөс 9,5 хувиар нэмэгдсэн.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор эх орондоо хийгдэж байгаа өндөр өртөгтэй мэс засалд зарцуулах төсвийг 2018 онд 44,6 тэрбум төгрөгт хүргэж, 17,4 хувиар нэмэгдүүлж байна. Үүний дотор эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардагдах төсвийг 4 дахин нэмэгдүүлж 2,8 тэрбум төгрөгт хүргэлээ.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зарим тоног, төхөөрөмжийг хангах зорилгоор олон улсын түншлэгч байгууллагад хүсэлт гаргаж ажилласны дүнд центрафуг, сорьц зөөвөрлөх сав зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаад байна. Мөн вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээг сайжруулах төслийг боловсруулж, санхүүжилтийн дэмжлэг авахаар Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавиад байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр 2017 оны 12 дугаар сарын байдлаар эрт илрүүлэг үзлэгт 353,4 мянган хүн хамрагдаж, хамрагдалт 47,1 хувьтай байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 8 хувьд нь В вирус эерэг, 16,5 хувьд нь С вирус эерэг үр дүн илэрсэн байна.


     Энэхүү хөтөлбөрийн эхний шатны үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хепатитийн холбоо, Бразил улсын Засгийн газрын хамтран зохион байгуулсан “Дэлхийн хепатитийн дээд хэмжээний чуулган”-д танилцуулан туршлага солилцож, Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Хепатитгүй ирээдүйн төлөө Манлайлагч” улсаар зарлагдсаныг Ерөнхий сайд дуулгаад Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгийг тэмдэглэлээ.

       “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид улам эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүргэхийн тулд:

  • 2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах, 
  • Хөтөлбөрийн эхний шатны үзлэг, оношилгоогоор В, С вирустэй илэрсэн хүмүүсийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эхлэх;
  • “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх,
  • Даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож, шаардагдах төсвийг баталсан.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа тул иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг идэвхжүүлэх;
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах;
  • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлэг үзлэгийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх;
  • Хепатитийн В вирусийн халдваргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд хэллээ.

    Дараа нь Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.


   Мөн мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа, Л.Болд нарын асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нар хариулт өгөв.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх

гишүүний асуулгын хариуг сонслоо

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.


      Одоогийн байдлаар баруун, төв, зүүн аймгуудын нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсэг, Дорноговийн хойт захаар 0.1-30 см зузаан, хамгийн зузаан нь Увсын Хяргас, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд суманд 29-30 см, Увсын Баруунтуруун, Тэс, Малчин, Завханы Тэс, Эрдэнэтэд 20-20 см, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Орхоны Улаантолгой, Булганы Хангал, Ингэттолгой, Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Баянчандмань, Дорнодын Халх гол орчимд 14-19 см цасан бүрхүүлтэй байгаа аж. Мөн өнгөрсөн 7 хоногт цасгүй байсан говийн нутгууд, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас орж, одоогоор улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 100 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж.

   Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн яам цаг агаарын төлөв байдлын эдгээр мэдээлэлд тулгуурлан өвөлжилт хүндэрч болзошгүй, бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутаг, аймгуудад өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг улам эрчимжүүлж, шаардлагатай бэлтгэл нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгааг Шадар сайд дурдаад гишүүний асуулгын асуулт тус бүрт тодорхой хариулт өгсөн юм.

    -Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ. Харин өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй,  30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

    Аймаг, сумдын Засаг дарга нарын гэрээний дагуу өөр аймгийн нутагт 3129 өрхийн 1.2 сая, өөрийн аймгийн бусад сумын нутагт 8194 өрхийн 3.9 сая, сум дундын отрын бүс нутагт 1259 өрхийн 402 мянга, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргааны шийдвэрээр тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 1096 өрхийн 756 мянга, Хил хамгаалах ерөнхий газрын зөвшөөрлөөр хилийн зурвас газарт 3030 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 6 мянган  өрхийн 2.3 сая мал, улсын хэмжээнд нийт 22,8 мянган өрхийн 9.8 сая толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Отроор яваа малчдын малд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж байгаа юм байна.

     -Аймгуудын эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн судалгаагаар 19 мянган жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 164,4 мянган хүүхэд, 91,7 мянган өндөр настан, 58,4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн өвөлжилт хүндэрсэн болон отор нүүдлийн байдалтай алслагдсан орон нутагт амьдарч байна. Эдгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх, орон нутгийн сумын эрүүл мэндийн төвүүдэд эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн тасралтгүй бэлэн байдлыг хангах, жирэмсэн эмэгтэйчүүдийг онцгой анхаарч хяналтыг сайжруулах үүднээс жирэмсэн эмэгтэйг орон нутгийн засаг, захиргааны харьяалал харгалзахгүйгээр отор нүүдэл хийж байгаа суманд нь хяналтад авч, тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, жирэмсэн эмэгтэйг эхийн амрах байранд урьдчилан авчрах, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг дараагийн шатлалд хугацаа алдалгүй шилжүүлэх талаар сэрэмжлүүлэг хүргүүлж,  хяналт тавьж ажиллаж байгаа аж.

    Орон нутагт сумдын эрүүл мэндийн байгууллагуудын нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн 2 сарын нөөцийг бүрдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 388 дугаар тушаалын дагуу нэн тэрүүнд шаардагдах 50 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад 80 гаруй хувьтай байна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, сумын эрүүл мэндийн төвүүдийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн хэмжээнд төсвийн зохицуулалт хийж хэмнэлттэй байгаа бусад зардлыг тээвэр шатахуун, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зарцуулах чиглэл өгөөд байна гэдгийг Шадар сайд тодотголоо.


    -Малчдын түвшинд ургацын урьдчилсан балансаар 850 мянган тн хадлан авахаар тооцоологдож байсан боловч гүйцэтгэлээр 935.7 мянган тн хадлан бэлтгэжээ. Харин хүчит болон шүүст, гар тэжээл төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй шаардагдах тэжээлийн 70.2 хувийг бэлтгэсэн байна.

    Малчдын өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн тодотголд 40 тэрбум төгрөг тусган, аймгуудад борлуулалт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, хүүгүй санхүүгийн эх үүсвэр олгох зээлийн гэрээнүүд хийгдсэн. Мөн Засгийн газрын 2017 оны  186 дугаар тогтоолоор баталсан аймгийн аюулгүйн нөөц 88.5 хувь, сумдын аюулгүйн нөөц  58.5 хувийн биелэлттэй байсан бол аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсвийн тодотголоор 4.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусгаж өгснөөр аймаг, сумд өвс, тэжээлийн аюлгүйн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан гэдгийг онцлов. 

     -Байгалийн гамшиг, өвөлжилт, хаваржилтийн хүндрэлийг хохирол багатай давах зорилгоор Засгийн газрын 2001 оны 47 дугаар тогтоолоор 1 хонин толгойд 1 кг өвсөөр тооцон нийт малын 25 хувийг 3-аас доошгүй хоног тэжээх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр заасан. 2017 оны эхний хагас жилийн байдлаар төв, орон нутаг дахь улсын нөөцийн анги, салбар, цэгүүдэд 3,7 мянган тонн өвс, 3,9 мянган тонн малын тэжээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд батлагдсан төсвийн хөрөнгөөр нийт 8,3 мянган тонн өвс, 4,7 мянган тонн тэжээлийн нөөц бүрдүүлжээ. Харин улсын төсвийн тодотголоор нэмж 5,3 мянган тонн өвс, 3,4 мянган тонн малын тэжээл, 500 тонн нэмэлт тэжээлийн нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу нэмж бүрдүүлэх өвс, тэжээлийг бүрдүүлээд байгаа аж.

    Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 15 аймгийн 95 суманд 159 даваа, гүвээ, 30 гаруй тал хөндий газар байнгын цасанд хаагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл бэрхшээл үүсдэг тул улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 198 хүн, 160 техник хэрэгслийг ажиллуулж байгаа юм байна. Түүнчлэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн төв, орон нутгийн байгууллагуудын хэмжээнд өвлийн улиралд нийт 2648 алба хаагч, аврах ажлын 29 нэгж, тусгай зориулалтын 81 нэгжийг туулах чадвар сайтай автомашинууд, шаардлагатай харилцаа холбооны төхөөрөмжөөр бүрэн хангажээ.  

      -2017 оны жилийн эцсийн байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 8, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 5, нядалгааны эрхтэй 8, ОХУ улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж  үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдээгээр ОХУ-д 560 тонн үхрийн, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24,9 мянган тонн адууны, Иран, Катар улсад 2,45 мянган тонн хонь, ямааны мах, нийтдээ 27,8 мянган тонн мах экспортолж, махны экспортоос 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ 7 дахин, өмнөх онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин дулааны аргаар боловсруулсан нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн 2 мянган тонныг экспортолжээ.

    Шадар сайд хариултдаа, өнгөрсөн 12 дугаар сарын болон 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын мэдээллээс авч үзвэл баруун, төвийн зарим аймгуудын нутгаар цас нэлээд орж, хүйтний эрч чангарч байна. Өвлийн улирал дөнгөж дундаа орж, хүйтний эрч сулраагүй, тодорхой бүс нутаг, аймаг, сумдын нутгаар цаг агаарын гэнэтийн үзэгдэл учрах эрсдэл өндөр хэвээр байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээс үзвэл 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногт зарим нутгаар хүйтний эрч дахин чангарах магадлалтай байгааг дурдлаа. Иймээс малчид, хөдөөгийн ард иргэдийн хувьд өвлийг өнтэй даван туулах чиглэлээр анхаарлаа сулруулалгүй ажиллах, аймаг, сумдын удирдлагын зүгээс цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын мэдээллийг анхааралтай ажиглаж, өвлийг даван туулахад чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг онцоллоо.


    Гишүүний асуулгад өгсөн Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Я.Содбаатар, Ж.Мөнхбат, Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, Д.Тогтохсүрэн нарын зэрэг гишүүд Ерөнхий сайд болон Шадар сайд, Засгийн газрын бусад гишүүн, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим тодорхой шийдвэр гаргалаа. Тухайлбал, улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс  аймагт хуваарилахаар болсон. Хуваарилагдсан өвс, тэжээлийг хүргэх ажлыг орон нутгийн онцгой байдлын албад хариуцаж, хяналт тавьж гүйцэтгэнэ гэдгийг хэллээ.

   Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин өвс, тэжээлийг төвлөрсөн цэгүүдээс татах тээврийн зардлыг орон нутаг хариуцна. Харин гаднаас өвс, тэжээл худалдан авч нөөц бүрдүүлэхэд улсын төсвөөс 40 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан. Өвс, тэжээлийг малчдад шууд худалдах, мал махаар солих, ноосны урамшууллыг нь тооцож суутгах зэрэг арга хэлбэрүүдийг ашиглаж байгаа гэлээ. Түүнчлэн учирч болзошгүй гамшиг, эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах чиглэлээр онцгой байдлын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, холбогдох бусад байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гишүүдэд нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.


   Эцэст нь асуулга тавьсан гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Тэрбээр,  өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд тодорхой мэдээлэл өгсөн, мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, холбогдох бусад хүмүүс гишүүдийн асуултад нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн, түүнчлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад өвс, тэжээлийг үнэгүй болон хямд үнээ олгох асуудлыг шуурхай шийдвэрлэсэнд талархаж буйгаа хэлээд гол нь гаргасан бодлого шийдвэрээ амьдралд бодитой хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал. Чуулганы танхимд гишүүдийн асуултад өгсөн албан тушаалтнуудын ярьсан хэлсэн зүйлс амьдрал дээр ажил болж, ам, ажил хоёр зөрөх ёсгүйг анхаарч ажиллах учиртайг сануулав. Түүнчлэн цаашид өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох боломжийг судлах, малаа даатгуулсан иргэдэд давуу боломж олгоход анхаарах, төр, малчин хоёрын аль аль нь үүрэг, хариуцлага хүлээдэг байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл