Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 14 цаг 09 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа нь Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. 

    Тэрбээр мэдээлэлдээ, Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал,  өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавин ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж, иргэд 39.0 мянган тонн,  Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)  5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3.0 мянган тонн нийтдээ дотоодоосоо 47.4 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсний зэрэгцээ улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан зургаан аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10.0 мянган тонн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулснаар тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-гаас хүсэлт гаргасан 284 иргэн,  аж ахуйн нэгжид 9.7 мянган тн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.  Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, зорилгоор Засгийн газрын 2021 оны 142 дугаар тогтоол гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Энэхүү тогтоолын дагуу  импортын улаанбуудайн үрийн үнийг 30, хүнсний ногооны үрийн үнийг 80, төмс, хүлэмжийн нийлэг хальсан хучлаганы үнийг 50 хувиар тус тус хөнгөлөхөөр шийдвэрлэснийг онцолсон.  

    Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 19.5 мянган тонн шатахуун шаардагдахаас зөвхөн хаврын тариалалтыг хэвийн явуулахад 7.8 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан. Тиймээс технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор хэрэгцээт шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай, ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгох шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ковид-19 цар тахлын  улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, 4,5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил  урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж  тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, саримсны тариалалт 05 дугаар сарын 03-наас, улаанбуудайн тариалалт 05 дугаар сарын 10-наас  эхлээд байна. 05 дугаар сарын 17-ны байдлаар улсын хэмжээгээр 77.0 мянган га-д үр тариа, үүнээс 75.9  мянган га-д улаанбуудай, 2.3 мянган га-д төмс, 1.0 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 82.4  мянган га-д тариалалт хийснээр  улсын хэмжээний үр тарианы тариалалт 19.8 хувьтай,  үүнээс улаанбуудайн тариалалт  20.6 хувь, төмс 12.9 хувь, хүнсний ногоо 10.4 хувь, малын тэжээл 0.2 хувь, тосны ургамал 4.6 хувьтай байгааг салбарын сайд мэдээлэлдээ тодотгов. 


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банктай хүүгийн дэмжлэг олгох тухай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулж арилжааны банкууд зээл олголтыг эхлүүлсэн. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 574.7 сая төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 16.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, 1.35 тэрбум төгрөгөөр 160.0 тонн төл сонгины үр худалдан авах шатанд байгаа бөгөөд хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулж байна. Газар тариалангийн зориулалттай шинэ трактор, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх, гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, Монгол Улсын Засгийн газрын 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар албан татварын хөнгөлөлтөд хамрагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлуулсан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэлдээ дурдсан.  

    Сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Х.Болорчулуун нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс алслагдсан бүс нутгийн аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр байхгүй гэсэн шалтгаанаар  газар тариаланг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг лавлахын зэрэгцээ хүнсний ногооны үрийн хувиарлалтын хүртээмж, явц болон тэжээлийн тосны үйлдвэрлэлийг дэмжихэд явуулж байгаа бодлогын арга хэмжээг илүүтэй тодруулж байлаа. 

    Газар тариаланг дэмжих 100 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанк, Сангийн яам гэрээ хийсэн арилжааны зургаан банкаар дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа.  Эх үүсвэр байгаа. Харин зээл авах аж ахуйн нэгжүүд аймгийн хөдөө аж ахуйн газруудаараа дамжуулж бүртгүүлж, нэгдсэн мэдээлэлд орж  байгаа. Үүнийгээ зарим аж ахуйн нэгжүүд мэдэхгүй, хамрагдаагүй үлдсэн байж болно. Арилжааны банкуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг гаргаж өгч байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа онцлоод Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 21 аймагт шар манжин, хүрэн манжин, бууцай, тарвас зэрэг 10-аад нэр төрлийн ногооны  үрийг хуваарлисан. Харин сонгины үрийн сонгон шалгаруулалтад маргаан гарсан тул Сангийн яам дээр хэлэлцээд асуудлыг шийдвэрлэсэн. Тосны ургамлын тухайд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулаад үрийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ энэхүү үрийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг санаачлан батлуулж, бодлогын дэмжлэг үзүүлсэн гэж хариулав. 


Н.Уртнасан: 2021 онд нийт 1,8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна



Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээллийг сонслоо. 

    Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын газар нутгийн 21 хувийг буюу 32,8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газрыг хариуцан улсын төсвөөс санхүүжиж буй 30 хамгаалалтын захиргаа ажиллаж байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хүрээнд 4, нийт 34 хамгаалалтын захиргаад хамгааллын менежментийг хариуцан “Байгаль орчны багц хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулан нийт 766 албан хаагч ажиллаж байгаагаас 476 нь байгаль хамгаалагч байна. Улсын хэмжээнд 13,8 сая га талбай бүхий 22 дархан цаазат газар, 13,2 сая га талбай бүхий 36 байгалийн цогцолборт газар, 5,7 сая га бүхий 48 байгалийн нөөц газар, 0,1 сая га газар бүхий 14 дурсгалт газрууд нь нийт 120 газар 32,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор 14 газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/720 дугаар албан бичгээр яамдаас санал авсан. Тус тогтоолын төслийг 11 яам дэмжиж, нэг яам дэмжих боломжгүй, нэг яам тогтоолын төслийн хавсралтад өөрчлөлт оруулж, давхцал арилгах санал ирүүлсэн гэж байлаа. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор нэр бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд Алтан Хөхий уулын байгалийн нөөц газрын өргөтгөлийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/14 дүгээр тогтоолын талбайн хэмжээгээр буюу 92421,46 га талбайгаар, Хөх нуур-Бумбат орчмын газрын байгалийн нөөц газар, Хурх хүйтний хөндий орчмын газрын байгалийн нөөц газар, Баянхонгор хайрхан уулын дурсгалт газрын хилийн заагийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн танилцуулгад тусгагдсан хэмжээгээр оруулсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд Алтан хөхий уулын байгалийн нөөц газартай 5 тусгай зөвшөөрөл, Хурх хүйтний хөндий орчмын газрын байгалийн нөөц газартай 1 тусгай зөвшөөрөл давхцалтай байгаа. Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт орж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрын тооцоог гаргуулж, арга хэмжээ авах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2021 оны 02 дугаар сард албан бичгүүдээр тус тус хандсан. Дээрх  зургаан тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажлын зардалд 1,9 тэрбум төгрөгийн зардал гарсан тухай тооцоолол гаргаад байна. Уг тогтоолын төслийг 2021 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав. 


  Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолоор Ноён уулыг дархан цаазат газраар ангилал ахиулан улсын тусгай хамгаалалтад авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тушаалаар Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших 22320,5 га талбай бүхий Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын чиг үүргийг шинээр хамгаалалтын захиргаа байгуулах хүртэл Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулж, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор батлагдсан байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны  тушаалаар Ноён уулын дархан цаазат газрыг хамгаалах бүтэц бүрэлдэхүүнийг дарга нэг, гэрээт байгаль хамгаалагч дөрөв байхаар орон тоог баталж, “Хамгаалах хэсэг”-ийн байрны асуудлыг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байгуулан хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор улсын нөөц хөрөнгөөс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Ноён уулын дархан цаазат газрын хамгааллын менежментийг хэрэгжүүлэх, хууль бус ашигт малтмал олборлох зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2 ширхэг фургон автомашиныг шийдэж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр УАЗ үйлдвэрийн 2 фургон автомашиныг хүлээж авч, шинээр байгуулагдсан Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын хэсэгт ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Ноён уулын дархан цаазат газарт хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ондоо багтаан Ноён уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл (Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс)-ийг тогтооно. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулах зардлыг 2022 оны төсвийн төсөөлөлд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна гэж байлаа. 

Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх чиглэлээр цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, биологийн олон янз байдлын хувьд чухал газар нутгийг жилд 1 хувь буюу 1.5 сая га талбайгаар өргөтгөж, 2024 он гэхэд цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эхийн 55-аас доошгүй хувь, нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөөд байна. Улсын төсвөөс суурь судалгаа хийх зардалд 2021-2024 онд нийт 300.0 сая төгрөг зарцуулна. Монгол Алтай-Их нуурууд, Хангай-Хөвсгөл, Хээр, говийн гэсэн дөрвөн бүсэд хуваан экологийн хувьд ач холбогдолтой газруудын үнэлгээг Де Нейче Консерванси Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2011-2017 онд хийж, судалгааны үр дүнд 215 газар нутаг буюу нийт 43.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалттай авах шаардлагатайг тогтоосон. Үүнээс өнөөдрийн байдлаар улсын тусгай хамгаалалтад авах чухал шаардагатай газар 38,9 сая га талбай бүхий 192 газар байна. 2021 онд Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Увс зэрэг 6 аймгийн 25 сумдын нутаг дэвсгэрийг хамарсан, дархан цаазат газрын ангиллаар 1, байгалийн цогцолборт газрын ангиллаар 3, дурсгалт газрын ангиллаар 3, байгалийн нөөц газрын ангиллаар 5 нийт 1,8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгааг салбарын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ онцолсон. 

    Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нар  асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тусгай хамгаалалтын газрын хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд баримтлах бодлого, цаашлаад суурь судалгааны төсөв зардлыг илүүтэй лавлаж байлаа. 

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт газар нутгийн 25 хувийг тусгай хамгаалалт авахаар тусгагдсан бөгөөд жилд  нэг хувир өсгөж тооцоход 1,2 сая га талбайг тусгай хамгаалалтад авахад үүнийг дагаад тусгай хамгаалалтын захиргааны тоог нэмэгдүүлэх, цалингийн зардал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариултдаа онцлоод сүүлийн гурван жилийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн харьяа байгууллагынхаа нийт зардлын төсвийг авч үзэхэд 400-600 сая төгрөгийн төсөвтэй ажиллаж байна. Байгаль хамгаалагчдын цалин хөлс бусад төрийн байгууллагад ажиллагсадтай харьцуулахад бага учир цалингийн шатлалыг ахиулахаар судалгаа үндэслэлийг гарган ажиллаж байна. Мөн тусгай хамгаалалтад авах газар нутгийн судалгааны ажилд жилдээ 60-70 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд энэ нь хангалтгүй байдаг гэв.


“Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, түүнд холбогдох зохицуулалтын биелэлт”-ийн талаар мэдээлэл сонслоо

    Үргэлжлүүлэн  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл  хийв. 

    Манай улс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг 1998 онд анх шинээр баталж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх  зорилгоор энэ хуульд 2012 онд шинэчилсэн найруулга хийж Улсын Их Хурлаар батлуулсныг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар удирдан зохицуулах үүрэг бүхий Ерөнхий шинжээч-1, үнэлгээ хийх эрх бүхий 28 шинжээчид эрх олгосон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санд бүртгэснээр 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 8815 төсөлд ерөнхий үнэлгээ хийж, дүгнэлт гаргасныг дурдлаа. 

    Цаашлаад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын эрхийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 220 аж ахуйн нэгжид олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивын бүртгэлээр үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагууд нийт 7889 төсөлд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж, тайланг тус яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийг БОАЖЯ, УУХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, МХЕГ, Усны газар, АМГТГ, Цөмийн энергийн комисс, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн болон төрийн бус байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна гэдгийг мэдээлэлд дурдсан байв.

    Түүнчлэн Засгийн газраас бүх төрлийн эрх, тусгай зөвшөөрлийг цахимжуулахтай холбогдуулан төслийн байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сараас цахимаар /E-Mongolia/ хүлээн авч, өнөөдрийн байдлаар нийт 545 хүсэлт ирүүлсэнээс материалын бүрдэл хангасан 386 төсөлд ерөнхий үнэлгээ хийж, дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгчид хүргүүлээд байгааг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ онцлоод Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаас хойш даруй 10 орчим жил өнгөрч байна. Энэ хугацаанд эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлов.

 Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Бейсен, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэллээ. 

10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун

агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна

    Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд хийсэн голлох ажлуудын үр дүнгийн талаарх мэдээлэлдээ, Нийслэлийн Засаг даргын Ажлын албатай хамтран өнгөрсөн 2020 онд 16-100кВт/ц хүртэлх 2293 зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан, сайжруулсан түлшинд, 100кВт/ц-аас дээш хүчин чадалтай дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 23 аж ахуйн нэгжийн 241 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн 404 халаалтын зуух, нийт 645 халаалтын зуухнаас төвлөрсөн дулаанд 69, цахилгаан халаалтад 44, хийн халаалтад 53, сайжруулсан түлшинд 174, баяжуулсан нүүрсэнд 66 халаалтын зуухыг шилжүүлж 81539тн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон. Нийслэлийн зүүн бүсэд шинээр барих сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, тээвэр, машин механизм, тоног төхөөрөмжид шаардагдах хөрөнгийг холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд тулгуурлан улсын төсвөөс 23 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг олгосон. Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр заасныг Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолд 100 хувь болгон өөрчлөлт оруулснаар цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зөвхөн Улаанбаатар хот, 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай 3 суманд үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу ОББҮХ-оос цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд 15,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж батлан Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлж байна. Дээрх арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлсний дүнд агаар дахь агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 оны жилийн дундаж агууламжтай харьцуулсан үзүүлэлтийг агаарын чанарын автомат станцын мэдээллээс үзэхэд PM2.5 тоосонцор 30 мкг/м3-ээр буюу 38, PM10 тоосонцор 38 мкг/м3-ээр буюу 30 хувиар тус тус буурч, хүхэрлэг хий 11 мкг/м3-ээр буюу 30 хувиар, азотын давхар исэл 2016 оныхтой ижил түвшинд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.  

Тээврийн хэрэгслээс үүдсэн агаарын бохирдлын түвшин, шалтгааныг судлахад 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээс агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болж байна. Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2021 оны Улаанбаатар хотод нийт 621939 хөдөлгөөнт эх үүсвэр байна. Манай улсад ашиглагдаж буй автомашины жилийн дундаж түлш зарцуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 1.4 дахин өндөр байгааг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглээд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 18 аж ахуйн нэгж, байгууллагын 949 ширхэг автобусны 80 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, 40-өөс дээш хувь нь утаа, тортог их хаядаг болох нь автотээврийн улсын үзлэгээр тогтоогдсон. Иймд нийтийн тээврийн үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэ шатанд гаргаж, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд заасан цахилгаан тэжээлтэй автобусыг Монгол Улсад нэвтрүүлэхийг бодлогоор дэмжин гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна гэв. 

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн лаг хаягдлыг байгальд халгүй аргаар шатааж устгах туршилтын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахын барилгын жишиг  зураг төсөл, эскизийг боловсруулж, ажлын зураг төсвийн магадлалыг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хийлгэж батлуулсан. Дээрх батлагдсан зураг төсөлд үндэслэн аюултай хог хаягдал хадгалах байгууламжийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Алдархаан /Багц-1/, Дорнод аймгийн Баянтүмэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Сайншанд /Багц-2/ сумдад барьж ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэгч “Мөнх Өргөө” ХХК, “Цонбонтоосго” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн гэр хорооллын нүхэн жорлонг стандартын дагуу болгох зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1000, Хан-Уул дүүргийн 1000 жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлсэн гэв. 

Хог хаягдлыг бууруулах чиглэлээр хаягдал дугуй боловсруулах болон боломжтой бусад хаягдлыг худалдан авах, дахин боловсруулах төслийг дэмжих ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төвүүд, автомашины зах, засвар үйлчилгээ олноор байрших газруудаас 180000 ширхэг хаягдал дугуй татан авалт хийж байгальд ээлтэй аргаар устган, дахин боловсруулж, бүтээгдэхүүнээр нь Нийслэлийн нэр бүхий 13 сургууль, цэцэрлэг сургуулийн цогцолборын 4000 м2 талбайг хавтангаар хучиж тохижууллаа. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо арилжааны гурван банктай гэрээ байгуулан, нийт 3 тэрбум төгрөгийг байршуулан ногоон зээлийн хүүгийн зардлыг санхүүжүүлэх зээл олгож эхэлснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав. 

Мөн  Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн халамжийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулан Нийслэлийн арван мянган зорилтот бүлгийн 0-240 хүртэлх оноотой өрхүүдэд түлш худалдан авахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэх ажил 2019 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Оршин суух хаягтаа амьдардаггүй шилжин суурьшигч, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй, хөл хорионы улмаас өрхийн орлогогүй болсон зорилтод 7840 өрх тус бүрд 933 тонн сайжруулсан түлшийг олгосон.  “Яндангаа хөөлье” аяныг орон даяар эхлүүлж, Таван толгой түлш ХХК-ний “Хэрэглэгчдэд үйлчлэх” алба хамтран ажиллалаа. Аяны хүрээнд нийслэлийн  зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуух, пийшинг хөөлөх мэргэжлийн яндан хөөлөгч 400 гаран залуусыг нийт 12 удаагийн сургалт зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 12628 айлын яндан, пийшин хөөлж дотоод агаарын угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлсэн гэж байлаа.  


Цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь хүн амын суурьшлын ерөнхий төлөвлөгөө боловсруулан бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар нийслэлийн хүн амын төвлөрлийг зогсоох, нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоож яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх, нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлж, ачаа тээврийн төмөр зам, хурдны авто замын төсөл хэрэгжүүлэх, төрийн байгууллага, их дээд сургуулийг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг орон нутаг руу чиглүүлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар үе шаттай хийхээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн гэр байшингийн халаалтыг хийн болон цахилгаанаар шийдвэрлэхэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх, дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын материалаар хангах ажлыг үе шаттайгаар хийх шаардлагатай байна. Түүнчлэн Евро-5 стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжиж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Хийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хийгээр ажилладаг тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг тэглэхэд анхаарч Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрийн төслийг боловсруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэв.

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээллийнхээ төгсгөлд нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хот, суурин газрын ногоон байгууламжит талбайн эзлэх хувь хэмжээг 2025 он гэхэд 25 хувьд хүргэхээр зорьж байгааг дурдаад, өнгөрсөн хугацаанд хотын ногоон байгууламжийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлснийг онцолсон. Түүнчлэн БОАЖЯ-ны санаачилгаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотоос Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдтэй хамтран “Өрх бүр мод тарья” бүх нийтийн аяныг Улаанбаатар хотод эхлүүлж, гэр хорооллын 200 мянган айл өрхөд 14 төрлийн 25 орчим мянган мод, бут тарихаар төлөвлөж байна. Тарьсан модыг гэрчилгээжүүлж мод арчилж ургуулсан иргэдийг шагнах урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэж байлаа. 

    Сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэллээ.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен “Агаарын бохирдолтой холбоотойгоор шил, шилэн бүтээгдэхүүн, хуванцар, цаас зэрэг аюулгүй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг аймаг орон нутаг бүрд, нийслэлд дүүрэг бүрд байгуулахад олон улстай хамтраад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Цөлжилтийг бууруулахын тулд нэн тэргүүнд үүлэнд нөлөөлж, хур бороо оруулах  асуудлыг хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх”, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун “Орчны бохирдлыг бууруулахад чамгүй хөрөнгө төсөвлөж байгаа. Иймд цаашдаа салбарын яам далайцтай сэтгэж, өргөн хүрээнд ажиллах шаардлагатай. Ногоон байгууламжийг өргөжүүлэх ажлыг нийслэлээр хязгаарлалгүй аймаг орон нутагт эрчимжүүлэхэд салбарын яам онцгой анхаарах  хэрэгтэй” гэсэн саналуудыг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл