Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2016.07.20/ хуралдан Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт даргалан явуулсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Байнгын хорооны дарга томилогдоогүй байгаа учир асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар хийсэн.

Харин хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлөө өгсөн, Төв банкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг цаг алдалгүй шийдэхийн тулд хуралдааныг зарласан хэмээн мэдэгдээд энэ асуудлаар АН-ын бүлгийн гишүүдийг ярилцан шийдэлд хүрэхийг хүсэн 30 минутын завсарлага өгсөн юм.

30 минутын завсарлагын дараа Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхний асуудал нь Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай байлаа.

Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн болохыг мэдээлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Б.Ундармаа нар байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Н.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ.

Үүний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Тус банкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилуулах саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.

Н.Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улстөр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм байна. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.

Тэрбээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир нар үг хэлсэн юм. Үүний дараа Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл