НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссонтой уулзлаа

  2018-07-05 12:28  323

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийт хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэнд, боловсролын зэрэг асуудалд байнга анхаарал тавьж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн НҮБ-ын Хүн амын санд хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

 

Ноён  Бьорн Андерссон НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлээд, саяхан Улаанбаатар хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалт зөвлөлгөөнийг УИХ амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр хүн амын насжилт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдал, залуучуудыг эрх мэдэлжүүлэх, хүүхэд залууст бэлгийн боловсрол олгох, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг сэдвийг хөндөж, энэ чиглэлээр НҮБ-ын Хүн амын сангаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Монгол Улсын оролцоо, цаашид анхаарах асуудлуудаар яриа өрнүүллээ.

НҮБ-ын Хүн амын сан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуульд өөрчлөлт оруулах хуулийг парламентаар хэлэлцэн батлахад дэмжлэг үзүүлж ажилласныг энэ үеэр онцоллоо.


Ноён Бьорн Андерссон “Монгол Улс өргөн уудам нутагтай. Хүн ам цөөтэй, суурьшил нь таруу. Тиймээс нөхөн үржихүйн болон эмэгтэйчүүд, залуусын эрүүл мэндийн сэдвээр хэрэгжүүлсэн “Телемедицин” төсөл дэлхийн бусад улс орнуудад үлгэр дуурайл болохуйц чухал үр дүнтэй арга хэмжээ болсон” хэмээгээд, НҮБ-ын Хүн амын сангийн Захирлуудын зөвлөлөөс баталсан “Улс орнуудыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улстай бид цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын Хүн амын сан, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг парламентаас байнга дэмжиж ажиллах болно гэв.

Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара байлцав.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.07.05


  2018-07-05 12:28  323