Цэс

Холбоо барих

ТББХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаан 12 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.


Засгийн газраас эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголыг боловсруулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлаас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувь, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг 11.5 хувь байхаар тогтоож, өмнөх хэмжээнээс 1-2 нэгжээр бууруулсан. Энэхүү өөрчлөлт нь Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар баталсан НДШ-ийн орлогын төлөвлөгөөг 94.0 тэрбум төгрөгөөр бууруулж, энэ хэмжээгээр улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд олгох татаасыг нэмэгдүүлэх шаардлага үүсгэсэн байна.  

Шаардлагатай өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 597.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 13.731.7 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.796.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 15.748.3 тэрбум төгрөг болох ба төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3.691.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -8.8 хувьтай тэнцэнэ.


Төсвийн тодотголоор Хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох; нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох; “КОВИД-19” цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. КОВИД-19 цар тахал болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сан болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгаад байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл