Цэс

Холбоо барих

Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Улсын Бага Хурлын даргын 1990 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот захирамжаар БНМАУ-ын Бага Хурлын аппаратыг “Тамгын газар” хэмээн нэрлэж, түүний бүтцэд Зохион байгуулалтын хэлтсийг байгуулсан нь өнөөгийн захиргаа, санхүү, хүний нөөцийн нэгжийн эхлэл юм. Тухайн үед Зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга нь боловсон хүчний эрхлэгчийн албыг давхар хашдаг байжээ.

Улмаар Улсын Бага Хурлын даргын 1991 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар захирамжаар Зохион байгуулалтын хэлтсийн дарга нь Тамгын газрын орлогч дарга байхаар тогтоож, уг захирамжийн хавсралтаар Зохион байгуулалтын хэлтсийн орон тоог 23 байхаар заасан байдаг.

Харин УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын1992 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр захирамжаар Зохион байгуулалтын хэлтэс нь Тамгын газрын үндсэн 4 хэлтсийн нэг болсон юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 1996 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 175 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн дотоод бүтцэд Боловсон хүчний хэсгийг ажиллуулах болсон байна. Харин Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2000 оны хоёр дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн бүтцэд Захиргаа, дотоод хяналтын хэсэг ажилласан бол Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2001 оны зургадугаар сарын 20-ны өдрийн захирамжаар баталсан Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Захиргаа, дотоод хяналтын хэлтэс болж, Зохион байгуулалтын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын удирдлагад ажиллах болжээ.

УИХ-ын 2002 онд Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхэд Тамгын газрын бүтцэд Захиргаа, боловсон хүчний хэлтэс байгуулагдаж, нийт 26 орон тоотой ажиллах болсон байна.

Харин УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн111 тоот захирамжаар Тамгын газрын Санхүү, аж ахуй үйлчилгээний хэлтэс, Захиргаа, боловсон хүчний хэлтсийг нэгтгэн Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс болгож, Тамгын газрын захиргаа, нийтлэг үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн даргын шууд удирдлагад ажиллуулах болжээ.

Мөн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны ес дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс болгож өөрчлөн зохион байгуулсан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ынТамгын газрын зохион байгуулалтийн бүтцийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 162 дугаар захирамжаар шинэчлэн баталж, Тамгын газрын бүтцэд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийг шинээр байгуулсан. Тус хэлтэс нь өдгөө Хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хариуцсан алба, Бичиг хэрэг, архив, дотоод шуудангийн гэсэн хоёр албатай ажиллаж байна.

Үндсэн чиг үүрэг:

Захиргаа, хүний нөөцийн хэлтэс нь УИХ-ын гишүүн, түүний ажлын алба, Тамгын газрын ажилтнуудын хүний нөөцийн болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, УИХ, түүний Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг эрхлэх, УИХ, түүний Тамгын газрын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.