Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-07-18 17:07 Уншсан: 83

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 26 дахь дугаарт Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.


Дээрх тогтоолоор “Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсан байна.

Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бодлого, шийдвэрийн төлөвлөлт, хэрэгжилтэд статистикийн тоо мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах, хөтөлбөрт заасан зорилго, зорилт, арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг хуваарилах ажлыг зохион байгуулах, энэхүү хөтөлбөрт нийцүүлэн яам, агентлагийн захиргааны статистикийн мэдээллийг сайжруулах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан аж.

Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Yндэсний статистикийн хорооны зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хөтөлбөрийн биелэлтийг хангаж, дүнг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн зохих хэсгийг бүрдүүлэх ажлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Yндэсний статистикийн хороонд даалгажээ.

Мөн дугаарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна.

Уг тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх, улсын төсвийн зарлагын ангилалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих зардлын ангиллыг шинээр нэмж тусгах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтныг оролцуулан сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллахыг Засгийн газарт даалгажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хэвтрийн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиг үсгийн болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх ажлыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, тохирох хэрэглэгдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байгаа орчинд суурилуулах, зайн сургалтын тоног төхөөрөмж худалдан авах зардал, багшийн цалинг тооцож улсын төсөвт тусгах талаар мөн тогтоолд тусгаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн зориулалтын тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын хүртээмжтэй материал, хэрэгсэл, сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах талаар арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан аж.

Түүнчлэн Зарим хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-07-20 17:07

Хуралдааны тов