ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

  2021-07-01 00:59  147

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 20 цаг 15 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.


Хуралдааны эхэнд "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ гэж хуралдаан даргалагч Б.Саранчимэг танилцуулав.

Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийв.


Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитйн газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Тайлант онд Харилцаа холбооны салбарт “E-Mongolia” төслийн хүрээнд төрийн 19 байгуллагын 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системд нэгтгэн нийслэл, 21 аймаг, 330 суманд нэвтрүүлж, иргэд гэрээсээ төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг бий болгосон байна гэлээ. Үргэлжлүүлэн, Байнгын хороонд харьяалагддаг төсвийн захирагчдын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын талаар танилцуулав.

Аудитад хамрагдсан 9 байгууллагаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт, Монгол шуудан ХХК-ний 2020 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, Монголын цахилгаан холбооны 2020 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, Мэдээлэл технологийн үндэсний парк-ийн 2020 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний 2020 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын 2020 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, Үндэсний дата төв-ийн 2020 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, Бүх нийтийн үүргийн үйлчилгээний сангийн 2020 оны санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт тус тус өгсөн гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Н.Учрал, ажил нь хэрэгждэггүй хэдэн сан байгаагийн нэг нь Шинжлэх ухаан, технологийн сан. Уг сангийн шугамаар 2016-2019 онуудад 211 төсөл хэрэгжүүлсэн боловч төслийн үр дүнг үнэлээгүй, санхүүгийн тайлангаа хүргүүлээгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүнд яагаад аудит хийгээгүй талаар тодруулав. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт аудит хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөөгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн, үүнд тайлбар авахыг хүсэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийсэн тайлбартаа, Шинжлэх ухаан, технологийн санд аудит хийхэд сүүлийн 8 жилийн байдлаар 1719 төсөл хэрэгжсэн, 82,3 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас 70,7 тэрбум төгрөгийн төсөв авсан. 2020 оны аудитын төлөвлөгөөний дагуу Шинжлэх ухаан, технологийн санд 2022 онд гүйцэтгэлийн аудит оруулахаар төлөвлөсөн.  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт аудит хийхэд бүртгэл, тайлагналтай холбоотой алдааг залруулж, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмж өгсөн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй тул "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын  нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,748.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна гэв.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-07-01 21:33  147