Цэс

Холбоо барих

“Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өргөн мэдүүллээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4-т “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж заасан. 

Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагыг тусгаснаар 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан батлах үндэслэл, шаардлага бий болж байна хэмээн сайд Г.Чулуунбаатар хэлэв.
Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл нь Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн танилцуулга гэсэн бүтэцтэй юм байна. Төсвийн гүйцэтгэлийн тайлан нь Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5 дахь хэсэгт заасны дагуу дараах бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулжээ.

-Тухайн жилийн орлого, зарлагын гүйцэтгэлийг нийт дүн, хөтөлбөр, төсвийн захирагч болон хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрээр гаргасан тайлан, 
-Татварын зарлагыг хуулийн этгээд болон салбар бүрээр нь холбогдох эрх зүйн үндэслэлийн хамт гаргасан тайлан, 
-Худалдан авсан бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн тайлан, 
-Хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга (хөтөлбөрийн гүйцэтгэлийн биелэлт, бодлогын зорилтын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээний биелэлт болон тасарсан бол шалтгаан),  
-Нэмэлт төсвийн гүйцэтгэлийн тайлан болон түүний танилцуулга,  
-Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны мэдээлэл

Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвийн 2016 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашгийг/алдагдлыг/ тодорхойлох боломжтой болох ажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл