Цэс

Холбоо барих

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.25) нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоолын төсөлд тусгагдсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлын талаар иргэдэд зөв ойлголт өгөхгүй бол газраа зарах гэж байгаа мэтээр худал ташаа мэдээлэл түгээх явдал гарч байгаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ олон улсын гэрээ конвенцид заасны дагуу харилцан адил тэгш байх зарчмыг хэр баримталж байгааг ажлын хэсгээс тодруулсан. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу  манай улс өөрийн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад газар ашиглуулах, байр, барилга байгууламж барихад нь бүх талын туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үндсэн дээр Хятадын талаас тавьсан хүсэлтийн дагуу БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэгдэж, энэ талаар Хятадын талтай тохиролцсон. Харилцан адил тэгш байх зарчмыг баримталж байгаа. Одоогоор манай улсаас гадаад улсад дипломат төлөөлөгчийн 42 газар байгаагаас 23 нь өөрийн байртай, 18 нь түрээсийн байранд байдаг бол 4 нь хоёр талын харилцан хүлээсэн үүргийн дагуу байраар хангагдсан байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тухайн газрыг ямар хугацаатай ашиглуулах гэж байгааг тодруулахад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Тухайн газрыг 70 жилийн хугацаатай ашиглуулах юм, асуудлыг олон улсын гэрээ конвенци, манай улсын зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг тодотголоо. Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байгаа аж.


Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва манай Засгийн газар 10-аад жилийн өмнө БНХАУ-ын Тяньжин боомтод 10 га газар ашиглахаар болсон тухай яригдаж байсан ч одоо хүртэл бодит ажил болсон юм алга, энэ асуудал ямар шатанд байгааг тодруулсан юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Тяньжины боомтод 10 га газрыг манай улсад ашиглуулах асуудал арваад жилийн өмнө яригдаж байсан. Хятадын тал уг газрыг 50 жилийн хугацаатай ашиглуулах, гэхдээ газрын түрээсийн төлбөрийг урьдчилж төлөх санал тавьсан юм билээ. Тиймээс газрын түрээсийн асуудлыг шийдвэл газар ашиглах боломжтой юм гэлээ.  Түүнчлэн Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 биш 11 га газар, үүнээс нэг га нь оффисын, 10 га нь гүн боловсруулах үйлдвэр барьж байгуулах зориулалттай байхаар, 50 жилийн хугацаатай ашиглуулах энэ газрын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх асуудал яригдаж байсан. Одоо үүнийг хөөцөлдөх боломж бий гэдгийг нэмж тодотгосон юм.  

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах боломжтой эсэх талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Хөшигийн хөндийд аэросити хот байгуулах ерөнхий төлөвлөгөө гарсан, энэ зориулалтаар 12 мянган га газар олгогдсон байгаа. Нийслэлийн газрны алба, Төв аймгийн удирдлагууд хамтарч хотын ерөнхий төлөвлөгөөн дээр ажиллаж байна, газар чөлөөлөх ажил ч хийгдэж байгаа. Ер нь чөлөөт бүс байгуулах боломжтой гэдгийг хэллээ.

Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан төслийн 1 дэх заалтыг "1 .Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт гадаад улсын Ерөнхий консулын газрын зориулалтаар олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай." гэж, төслийн 2 дахь заалтыг “2.Газар ашиглуулах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.” гэж өөрчлөн найруулах, мөн төслийн хавсралтын гарчгийг "Гадаад улсын Ерөнхий Консулын газарт олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ ” гэж, хавсралтын “Сүлд баг" гэснийг “Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын- Үүд суманд суугаа Ерөнхий консулын газар” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн.   

Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуульд гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 9 зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа, хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 15 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа учраас Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд илтгэлдээ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгааг онцоллоо. Тухайлбал, энэ хуулиар улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг тул хуулийн зорилтыг илүү нарийвчлан тодорхойлжээ.

-  Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой болгох, илүү нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан.

- Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоохын зэрэгцээ иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг тусгасан.

-  Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байхаар төсөлд тусгасан.

-  Хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах шаардлагатай байгаа тул улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан.

-  Бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан байна.

-  Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээдэд өгөх бүртгэлийн мэдээллийн нээлттэй байдал болон хувь хүний нууцын хамгаалалтын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагын үүднээс хуулиар хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг нээлттэй ашиглуулах, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр өгөх мэдээллийг ангилан зааж, мэдээлэл өгөх журмыг хуулиар тогтоохоор тусгасан зэргийг онцлов. 


Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн газраас салгах, Монгол шуудангийн үйлчилгээг бүртгэл мэдээллийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат бүртгэлийн хуулиудыг багцаар нь хэлэлцэх, нэг ажпын хэсэг байгуулж, уялдаа холбоотой ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь улсын бүртгэлийн тогтолцоог нэгдмэл байлгах, орон нутагт бүртгэлийн зарим үйл ажиллагааг шилжүүлэх, улсын бүртгэгчийн үүрэг, хариуцлагыг сайжруулах зэрэг санал хэлсэн байна.


Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.  

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, багц хуулиудыг шинэчлэх нь амьдралаас урган гарч байгаа нөхцөл байдалтай холбоотой. Өнөөгийн цаасан бүртгэлд суурилсан бүртгэлийн системийг онлайн хэлбэрт шилжүүлэх бэлтгэл олон жил хийгдэж ирсэн. Одоогоор улсын бүртгэлийн санд хадгалагдаж байгаа мэдээллийн 70 гаруй хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа. Гэхдээ одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх улсын бүртгэлийн мэдээллийг ангилан заагаагүй буюу тодорхойгүй, ихэнх тохиолдолд мэдээлэл нь хаалттай байдгаас иргэд бүртгэлийн байгууллагад зайлшгүй биечлэн ирж үйлчлүүлэх шаардлага үүсдэг. Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр иргэн, хуулийн этгээдэд 2014-2016 оны эхний 10 сарын байдлаар нийт 177 мянга гаруй хуулбар, лавлагааг архивын баримтаас хуулбар хийж цаасан хэлбэрээр болон үнэт цаасаар олгосон байна. Энэ нь иргэдэд төдийгүй бүртгэлийн байгууллагад цаг хугацаа алдах, ажлын ачаалал, зардал нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог учраас улсын бүртгэлийн мэдээллийн сангаас цахим хэлбэрээр олгох мэдээлэл, лавлагааны үйлчилгээг сайжруулах, иргэд хуулиар зөвшөөрсөн мэдээллийг чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр, чөлөөтэй ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгааг тодотголоо. Ингэснээр төрийн байгууллагын ачааллыг бууруулахын зэрэгцээ улсын төсвийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний цахим машины лавлагаанд зориулж жилд 1070000 ширхэг үнэт цаас хэвлүүлж, үйлчилгээний хөлсний хэмжээг 1000 төгрөгөөр тооцон лавлагаа, мэдээллийг олгодог бөгөөд нийт 1 тэрбум 70 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг байна.

Мөн энэ хууль батлагдсанаар орон тоо, зардал нэмэгдэхгүй, харин ч буурна. Тухайлбал, иргэдэд лавлагаа, мэдээлэл гаргаж өгдөг албан хаагчид болон бусад хүмүүс гээд 50-70 орон тоо хэмнэгдэх боломжтой. Хэдийгээр бүртгэл мэдээллийг цахим хэлбэрт оруулсан ч цаасан болон дижитал бүртгэл хамт бүртгэгдэж, цаасан бүртгэл мэдээлэл нь үндсэн эх сурвалж байх болно гэдгийг тодотголоо.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх 1997 онд бүртгэлийн байгууллага байгуулагдаж, өөрийн гэсэн хуультай болсноос хойш одоо гурав дахь хуулийн өөрчлөлтийг хийхээр оруулж ирж байгаа. Цахим орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гэхдээ цаасан бүртгэл цаашдаа ч байхаас өөр арга байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч ийм байдаг юм билээ. Цахим хэлбэр нь гадны халдлагад амархан өртдөг талтай. Бүртгэл нэг уствал ихээхэн түвэгтэй асуудал үүснэ, энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг хэллээ.  

Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү манайд 28 программ бүхий 67 сервер дээр томоохон багтаамж бүхий иргэний болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн сан хадгалагдаж байгаа. Энэ бол Монгол Улсын бүрэн мэдээллийн нэгдсэн сан. Энэ талаар манайх төрийн бусад байгууллагаас нэг шат ахисан гэж хэлж болно. Энэ сангаар дамжуулан иргэдэд ТҮЦ машинаас үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ онд иргэний холбогдолтой 16 мэдээллийг ТҮЦ машинд шилжүүлснээр иргэдэд цаасаар өгдөг мэдээллийг 30 хувиар багасгаж чадсан. Одоо бүх байгууллага, иргэдийг бүртгэлийн мэдээллийн сантай холбох шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Харин иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу зохих хураамж авч байгааг тэрбээр нэмж тодотгосон юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар:

  • Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулж мэдээллийн аюулгүй байдал сайжиран, иргэд төрөөс шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэнэ. 
  • Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн эрх, үүргийг тодотгож, холбогдох суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
  • Хуулиар хориглосон буюу хязгаарласнаас бусад мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, үүнийг дагаад улсын бүртгэлийн байгууллагад хандаж цахим хэлбэрээр мэдээлэл, лавлагаа авах иргэн, хуулийн этгээдийн тоо өсөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг эдийн засгийн гэмт хэргийн гаралт багасна.
  • Бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж, хуулиас дээгүүр нөхцөл шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, хуульд нийцсэн байх зарчим үйлчилнэ.
  • Хууль тогтоомж хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.

Нийтдээ 5 бүлэг, 26 зүйлтэй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэлт баримтлалыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл