Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Оюундарь ТИКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.07.25) Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдон ирж буй ноён Эмрах Устаомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ноён Эмрах Устаомерыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах болсонд баяр хүргээд хоёр улсын хамтын ажиллагаа өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улам өргөжин хөгжиж, 1994 оноос хойш ТИКА-гийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд монгол хүний сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн тулд, ядарч зүтгэснийг асран тэтгэхэд голчлон чиглэж ирсэнд баяртай байдгаа илэрхийлэв.

Мөн ТИКА-гаас түүний сонгогдсон тойрогт хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Тэр дундаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, “Шаамарын зөгийн бал” гэсэн үндэсний брэндийг бий болгоход чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм.


ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдож буй ноён Эмрах Устаомер цаг зав гарган хүлээн авч, уулзаж байгаад Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарьд талархал илэрхийлээд, Монгол Улсад ирээд хамгийн анхны албан ёсны уулзалтаа түүнтэй хийж байгаад баяртай байгаагаа онцлов.

Ноён Эмрах Устаомер ТИКА-ийн Турк дэх төв оффист Төв Ази болон Кавказын орнуудыг хариуцсан газарт барилга угсралт, засварын төсөл хөтөлбөрийг хариуцан ажилладаг байснаа дуулгасан.

Тэрбээр ТИКА-аас хөдөө орон нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн аж амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байдагт баяртай байдгаа илэрхийлэв. Цаашид аль болох нэмүү өртөг шингэсэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, мэргэжил олгох, орлого нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ТИКА-гийн шугамаар мал аж ахуй, газар тариалан зэрэг өрхийн аж ахуйг хөгжүүлэх нь чухал гэдэгтээ санал нэг байдгаа хэлээд энэ чиглэлээр Туркээс сургагч багш нарыг авчрах, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, зөгийн аж ахуй эрхлэгчдэд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад менежментийн зөвлөгөө, тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн сумдын эмнэлгийн барилга байгууламжийг засах, шинэчлэх ажлуудыг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг уламжилсан юм.

Ноён Эмрах Устаомер, “Бид парламент, Засгийн газар болон орон нутгийн шат шатны удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөсөн. Та бүхний санал бидэнд үнэ цэнэтэй. Өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ улам сайжруулах, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн төлөө ажиллана” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ноён Эмрах Устаомерт Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах болсонд дахин баяр хүргээд ажлын амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл