“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 24 дугаарын тойм

  2019-06-20 16:23  294


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ.

Хэмжил зүйн тухай хууль нь 6 бүлэг 24 зүйлээс бүрдэх бөгөөд бодлогын шинжтэй онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Тухайлбал, Олон улсын систем (SI)-ийн хэмжлийн нэгжийг Монгол Улсад цаашид үргэлжлүүлэн хэрэглэх, эдийн засгийн бүхий л салбарт ашиглаж байгаа өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгслүүд дээд шатны нарийвчлалын ажлын, анхдагч ба улсын эталон, стандартчилсан загвартай харьцуулан дүйлгэж шалгадаг байхаар хуульчилжээ.

Хэмжих хэрэгсэл нь стандартын, хэмжил зүйн, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байх бөгөөд Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийг хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд ба худалдаа, үйлчилгээний тооцоонд ашиглан хэмжил гүйцэтгэхээр тусгасан байна.

Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг халж, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж байгууллага чадавхаа үнэлүүлж үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр  болжээ.  

Хэмжил зүйн салбарт төвлөрлийг сааруулах зорилгоор хэмжил зүйн асуудлыг тухайн салбарт нь хариуцуулах байдлаар зохицуулж, Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэлийн ба хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, чиг үүргийг шинэчлэн тогтоож өгсөн байна.

Импортоор нийлүүлж байгаа хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML/, түүнээс эрх олгосон хэмжил зүйн байгууллага, үйлдвэрлэгч, олон улсын ба хоёр талын гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр шууд хүлээн зөвшөөрөх олон улсад хэрэгжүүлдэг тогтолцоог нэвтрүүлэхээр хуульд тусгасан аж.

Хэмжил зүйн үйлчилгээг хөнгөвчлөн цахим хэлбэрт шилжүүлж, хэрэглэгчдэд өгөх мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг байгуулахаар заажээ. Уг санд улсын эталон, батлагдсан стандартчилсан загвар; загварын туршилтад тэнцсэн эсхүл загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн хэмжих хэрэгсэл; хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага зэргийг бүртгэх юм.

Хэмжил зүйн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлснээр гадаад улс орны хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалт ба загварын туршилтын үр дүнг гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр хүлээн зөвшөөрснөөр хэмжил зүйн бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэж, хэмжүүржүүлэх, тоолууржуулах зорилт биелэлээ олж, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болох юм байна. Мөн хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтыг давтан хийх зардал хэмнэгдэж, хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх өртөг багасна гэж хууль тогтоогчид үзсэн байна.

Түүнчлэн хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг халж, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортоор нийлүүлэх, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж байгууллага чадавхиа үнэлүүлж үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх хялбаршуулсан тогтолцоонд шилжиж, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болох, бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэх юм байна.

Мөн дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-06-20 16:23  294