Монголын парламентын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна

  2019-01-16 11:32  341


    УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна.

    “Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх парламентын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт энэ удаагийн чуулганд гишүүн орнуудын 400 орчим төлөөлөгч оролцож, улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал, аялал жуулчлал, цахим аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. 

    Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт нь Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачилгаар 1993 онд байгуулагдсан.  Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг юм. 

    НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Гүйцэтгэх хорооны хуралдаанд оролцов. Тэрбээр уг хуралдаанд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй Камбожийн парламентад талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно гэдгээ онцоллоо. 

    Энэ удаагийн чуулганаар гишүүн орнуудаас хамтын ажиллагааны шинэ алхам хийхэд чиглэсэн 40 орчим санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн тогтоолын хэлбэрт оруулж, боловсруулах Төслийн хорооны хуралд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд оролцож, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тухай болон Ази, Номхон далайн бүсэд соёлын олон төрөл байдал, аялал жуулчлалыг дэмжихэд парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай тогтоолын төслүүдэд тусгах Монгол Улсын саналыг хэлсэн нь дэмжигдэж, чуулганы хуралдаанаар батлагдсан.


  2019-01-16 10:06  341