Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.24) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 15 цаг 09 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсов. “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас тавьсан асуулгын дагуу Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Засгийн газар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2017 оны есдүгээр сард баталж, шинжлэх ухаан, технологийг ойрын есөн жилд эрчимтэй хөгжүүлэх зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийг 2025 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Ц.Цогзолмаа сайд мэдээллийнхээ эхэнд ШУА-ийн үйл ажиллагааны зардлыг урсгал зардал, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл хөтөлбөрт зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын зардлын талаар танилцуулав. Монгол Улсын Шинжлэх ухааны Академи харъяандаа Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан 10 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус академи улсын төсвөөс 2013 онд 12,794.45 сая төгрөг, 2014 онд 12,715.89 сая төгрөг, 2015 онд 11,620.30 сая төгрөг, 2016 онд 14,898.80 сая төгрөг, 2017 онд 15,112.92 сая төгрөгийн санхүүжилт тус тус авчээ. Эрдэм шинжилгээний ажил, лабораторийн баазыг бэхжүүлэхэд төсвийн бус эх үүсвэрээс 2015 онд 1.37 тэрбум төгрөг, 2016 онд 1.8 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын байдлаар 1.2 тэрбум төгрөгийн нэмэлт орлого тус тус олсон байна. Нийт зардлын 80 гаруй хувийг цалин, НДШ-д, 3-4 хувийг тогтмол зардалд, 1-3 хувийг томилолт, зочны зардалд, 9-10 хувийг эрдэм шинжилгээний зардалд, 3-12 хувийг бусад үйл ажиллагааны зардалд зарцуулж байна. Энэхүү санхүүжилтээр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд 2016 онд суурь судалгааны 75, шинжлэх ухаан технологийн 10, инновацийн зургаа, цөм технологийн нэг, гадаадтай хамтарсан 55 төсөл хэрэгжүүлж, нийт 1995 бүтээл хэвлэн гаргасан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар суурь судалгааны 79, шинжлэх ухаан технологийн 11, инновацийн ес, цөм технологийн нэг, гадаадтай хамтарсан  23 төсөл, грант төсөл 19, гэрээт 10 ажил хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэв. Мөн ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад улсын төсвөөс 2012 онд 211.0 сая төгрөг, 2013 онд 275.4 сая төгрөг, 2014 онд 360.0 сая төгрөг, 2017 онд 150.0 сая төгрөг зарцуулсан байна.

Үргэлжлүүлэн тэрбээр төрийн байгууллага, яам агентлагуудын захиалгаар хийгдсэн болон хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үүнээс олон улсын байгууллагууд, гадаад орнуудын дагнасан болон хамтарсан санхүүжилтээр нийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зарцуулсан хөрөнгийн талаар мэдээлэл таницуулсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 499 шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжиж байна. Үүнээс, суурь судалгааны 181, улсын захиалгат 94, цөм технологийн 4, гадаадтай хамтарсан 77, инновацийн 79, докторын дараах 21, ШУА-ийн грант 43 төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд  уламжлалт анагаахын эм бэлдмэл үйлдвэрлэх, элэгний хорт хавдар болон зүрхний шигдээсийг эмчлэх арга технологи боловсруулах, таримал ургамал, ойн, бэлчээрийн хортонтой тэмцэх зэрэг цөм технологийн төслүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байна.

Шинжлэх ухааны салбарт улсын төсвөөс зарцуулж буй хөрөнгийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. 2017 оны улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн салбарт 32,8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байгаа нь ДНБ-ний 0,12 хувьтай тэнцэж байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулаад салбарын өмнө тулгамдаж буй гол асуудал бол санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал болоод байгааг хэлсэн. Цаашид “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт Засгийн газраас зарцуулах хөрөнгийг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх замаар энэ салбарын улс орны эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай байгааг Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авч ажиллахыг хүссэн юм.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир ЭМШУИС-ийн дэргэд судалгааны лаборатори бий эсэхийг, манайд түгээмэл тохиолддог өвчлөлүүдийг анагаах чиглэлээр судалгаа хийдэг эсэхийг лавлав. Тус сургуулийн дэргэд нэгдсэн лаборатори ажиллаж, холбогдох судалгаанууд хийгдээд явж байгаа хэмээн салбарын дэд сайд Ё.Отгонбаяр хариулт өглөө. Манай улсын шинжлэх ухааны салбарын тогтолцоо нь цаг үедээ тохироогүй хэмээн дүгнэдэг болохоо Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хэлээд “Шинжлэх ухааны салбар бол Монгол Улсын эдийн засаг, өрсөлдөх чадварын ирээдүйг тодорхойлох ёстой. Тогтолцоог бид эргэж харах ёстой. Гэтэл бид төрөөс санхүүжүүлэх талаар яриад сууж байгаа нь буруу. Гол санхүүжүүлэгч нь үйл ажиллагаа явуулж буй 70.000 аж ахуйн нэгж гэж харж байна. Цаашид төрийн, хувийн хэвшил хамтарсан чиглэл рүү явах нь зүйтэй” гэлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс тэргүүлэх салбараа тодорхойлоогүй, төсвөө жилийн жилд тэгшитгэн хуваарилж ирсэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн. Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан хэмээх дөрвөн чухал салбарыг нэг яаманд төвлөрүүлсэн тогтолцооны талаар ямар бодлоготой байгааг тэрбээр асуулаа. Хүний хөгжлийг нэн тэргүүнд тавих нь зүйтэй гэдгийг салбарын сайд онцлоод улс эх орныхоо онцлогийг агуулсан, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн хөгжлийн бодлогыг Монгол Улс боловсролын салбартаа баримтлах, зураглалыг боловсруулан баримт бичгийг батлах, шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдэх шаардлага бий гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ШУА-ийн төсвийн 80 гаруй хувь нь цалин, нийгмийн даатгал, шимтгэл, томилолт зэрэг урсгал зардалд, 9-10 хувийг эрдэм шинжилгээний зардалд, 3-12 хувийг бусад үйл ажиллагааны зардалд зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Бусад улс оронд бол  шинжлэх ухааны салбарын төсвийнх нь 80 хувь нь судалгаа, шинжилгээний зардал, 20 хувь нь бусад зардалд зарцуулагддаг жишиг бий гэдгийг хэлээд бусад орны ШУА-иудын менежмент, санхүүжилтийн тогтолцоог судалж, нэвтрүүлсэн эсэхийг асуулаа. Эрдэм шинжилгээний ажилтнууд ихэнх судалгаа, эрдмийн ажлуудаа гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдах байдлаар санхүүжилтийг шийдэж байгаа, харин салбарын яам эдгээрт мониторнг хийх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг Ц.Цогзолмаа сайд хэлсэн юм.


Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухааны судалгааны цар хүрээ нь өргөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тэмдэглээд эдгээрийг  амьдралд нэвтрүүлэх тал дээр бүх түвшиндээ анхаарах шаардлага бий гэдгийг хэллээ. Шинжлэх ухааны салбар дахь төсвийн хөрөнгө оруулалт нь ДНБ-ий 0.1 хувьтай тэнцэж байгаад Улсын Их Хурал, Засгийн газар онцгойлон анхаарах шаардлагатай гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн хэлсэн бол дэлхий нийтийн гол өрсөлдөөн 21 дүгээр зуунд лабораторид болно гэдгийг тооцон Монгол Улс хөгжлийн гарцаа шинжлэх ухаанд суурилсан байхаар эрс шинчлэл хийн тодорхойлох нь зүйтэй гэдэг саналыг Б.Баттөмөр гишүүн илэрхийлэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Г.Тэмүүлэн, нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.


Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үүний дараа Төсвийн хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Ийнхүү Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл