Цэс

Холбоо барих

ХЗБХ:Хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) цахим хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг төслийн талаарх саналын томьёоллуудыг дахин нягтлах, ярилцах шаардлагатай байгаа тул 7 хоногоор хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.

    Хуралдаан Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ.  

    Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад тус тус Монгол Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.1-д "Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл гэж, мөн зүйлийн 7.2-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасны дагуу  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр боловсруулсан гэж байлаа. 


    Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг холбогдох байгууллагаас санал авч нэгтгэснийг дурдахын зэрэгцээ өмнө нь Улсын Их Хурал 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан гэв. Тухайлбал: Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь, 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь, 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь , 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь, 2020 он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль зааснаас 96 нь  тус тус батлагдсан байна. 

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 35, 2021 онд 81, 2022 онд 21, 2023 онд 12, Монгол Улсын Их Хурлын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан.Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг танилцуулгад дурджээ. 


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, С.Амарсайхан, Ц.Мөнхцэцэг, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг 2018 оноос хойш боловсруулан бэлэн болсон байхад хугацааг нь 2021 оны 4 дүгээр улиралд тавьсан шалтгааныг лавлав. 

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийг төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар согтууруулах ундааны хууль бус эргэлтэд хяналт тавих буюу хуучнаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн төсөлд архины хамааралтай болсон хүнийг хэрхэн эрүүлжүүлж эдгээх, үндэсний тогтолцоог бий болгохоор тусгасан. Үүний дараа Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж хариулж байлаа. 


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ “Тогтоолын төслийг дэмжиж байна. Олон зуун хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бус зайлшгүй шаардлагатай хуульд өөрчлөлт оруулж, цаашлаад хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгахад салбарын яам анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулбал ажиллахаа мэдэгдээд “Хавсралтад дурдсан хууль тогтоомжийн жагсаалтыг нийгэмд үзүүлэх ач холбогдол, цаг хугацаа  зэргээр нь эрэмбэлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийллээ. 

    Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


    Хуралдааны төгсгөлд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

    Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн  сайд Х.Нямбаатар танилцуулсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэгт Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байх ба Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 


    Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ. 

    Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд дурдав. 


    Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

    Ингээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл