Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлагдлаа

  2019-01-16 16:38  344

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.16) хуралдаан 14 цаг 32 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.


Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажилладаг. Харин Төрийн албаны тухай шинэ хуульд Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байхаар заасан бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан.

Энэ үндсэн дээр тус Байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоол баталсан юм.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар заасан байна.


Байнгын хорооны тогтоолоор батлагдсан дээрх журамд заасны дагуу төрийн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, танилцуулгад үндэслэн Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулав. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахтай холбогдсон зарыг журамд заасны дагуу бүртгэл эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар нэгэнт мөрдөгдөөд эхэлчихсэн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс зайлшгүй шаардлагатай зарим дүрэм, журмыг Улсын Их Хурал яаралтай батлах шаардлагатай байгааг дурдаад төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтыг явуулж дүнгээ 1 дүгээр сарын 22-ны дотор Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тусгасан нь хэт шахуу байгааг эргэж харахыг санал болгов. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн нар Төрийн албаны тухай шинэ хуулийн зарим зохицуулалттай холбогдуулан гишүүдэд нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Ингээд хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь буюу 92.9 хувь нь дэмжсэнээр Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлагдлаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий уг комиссыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргалаар ахлуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн зарчим, үзэл санаанд нийцүүлэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг чанд баримтлан явуулж, дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний дотор ирүүлэхийг комисст үүрэг болголоо.


Байнгын хорооны 2018 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д “Төрийн албан хаагчийн төлөөлөл гэж Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан бөгөөд комиссын сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлэхээр шалгаруулсан төрийн албан хаагчийг хэлнэ” гэж заажээ. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дээд боловсролтой; дөчин таван нас хүрсэн; төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан; төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн; ял шийтгүүлж байгаагүй; сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй; сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой аж.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр заажээ. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой (хураангуй жагсаалт үүсгэх) төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


  2019-01-16 16:32  344