Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-05 17:10 Уншсан: 409

Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс нь хүний нөөцийн болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын төсвийг боловсруулах, батлуулах, хуваарилах, гүйцэтгэлийг хангах, тайлагнах, аж ахуй, санхүүгийн менежментийг хариуцах, Улсын Их Хурал, түүний Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээг эрхлэх, "Төрийн мэдээлэл" эмхэтгэл, чуулганы нэгдсэн танилцуулга болон бусад ном товхимлын эхийг бэлтгэж хэвлэх, Улсын Их Хурал, түүний Тамгын газрын автомашин болон дотоод шуудангийн үйлчилгээг эрхэлж, мэдээлэл түгээлтийн шуурхай байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.1.Сургалт, хүний нөөцийн алба

Сургалт, хүний нөөцийн алба нь хүний нөөцийн менежментийн бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах, байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулах чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Тамгын газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулж баталгаажуулах биелэлтийг тооцох, хагас, бүтэн жилийн ажлын тайланг нэгтгэх, нэгдсэн тайланг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлтгэх;

2/Тамгын газрын хүний нөөцийн стратегийн бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;

3/хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулалт явуулах ажлыг зохион байгуулах, хүний нөөцийг зөв байршуулах;

4/ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, сургалтын болон нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

5/ажилтны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх, Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газрын ажилтан, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахууд болон Улсын Их Хурлаас томилогддог удирдах ажилтнуудын хувийн хэргийг стандартын дагуу бүрдүүлэх, хадгалах, хүний нөөцийн холбогдолтой мэдээ, судалгаа, тайланг гаргах;

6/Тамгын газрын дүрэм, хэлтэс, албаны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, бусад журам, зааврыг шинэчлэн боловсруулах, өөрчлөлт оруулах, баталгаажуулах;

7/ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, цалин хөлс, нөхөн олговор олгох, тэдний ажил мэргэжлийн түвшинг үнэлэх, албан хаагчдад зэрэг дэв олгох, ур чадварын нэмэгдэл, шагнал урамшуулал олгох, шагналд тодорхойлох, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан, шийдвэрийн төслийг бэлтгэж, удирдах албан тушаалтанд танилцуулах;

8/Ерөнхий нарийн бичгийн даргын өдөр тутмын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах;

9/Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны даргын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авах, мэдээллийн системд бүртгэх, хадгалах, тайланг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх;

10/байгууллагын дэргэд хэрэгжиж буй төслийн нэгжийн хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулалт явуулах ажлыг зохион байгуулах;

11/Улсын Их Хурал, Тамгын газрын мэдээллийн аюулгүй байдлын нууцлалын ажиллагаанд хяналт тавьж ажиллах, Улсын Их Хурал, Хороо, гишүүн, Тамгын газрын тэмдгийг түших;

12/Улсын Их Хурал, Тамгын газрын төрийн нууцыг хадгалж, хамгаалах, ашиглалтад хяналт тавих, Төрийн нууцын тухай хууль, холбогдох дүрэм, журмын биелэлтийг хангах.

5.2.Санхүү, аж ахуйн алба

Санхүү, аж ахуйн алба нь Улсын Их Хурлын Тамгын газрын аж ахуй, санхүүгийн менежментийн бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурал, Хороод, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, Тамгын газрын ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулах;

2/Улсын Их Хурлын төсвийг боловсруулах, батлуулах, батлагдсан төсвийг зохих журмын дагуу зарцуулах, санхүүгийн төлбөр тооцоог хийх, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх;

3/батлагдсан төсвийг Хороод, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгт зохих журмын дагуу хуваарилж, гүйцэтгэлийг хангах, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг сар, улирал, хагас жил, бүтэн жилээр бэлтгэж, тайлагнах; 

4/анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, санхүүгийн тайлан баланс гаргах, гүйцэтгэлийн аудитыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийлгэж гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх;

5/батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан Улсын Их Хурлын гишүүн, гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслах, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны болон Тамгын газрын ажиллагсдын цалин, нэмэгдэл, урамшууллыг зохих журмын дагуу тооцон олгож, холбогдох бичилт хийх;

            6/Улсын Их Хурлын гишүүн болон Тамгын газрын ажилтнуудын авто машины үйлчилгээ, албан тасалгааны хуваарилалт, засвар, тохижилт, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бэлэг дурсгал, бичиг хэргийн материалын бүрдүүлэлтийг хийх, захиалгыг өгөх, татан авах, нийлүүлэлтэд хяналт тавих;

 

7/хууль, тогтоол, захирамж, албан бичгийн хэвлэмэл хуудас, нэрийн хуудас, урилга, дугтуй зэргийг захиалах, хэвлүүлэх, аж ахуйн болон мэдээллийн технологийн техник хэрэгслийн сэлбэг, материалын хангалтыг холбогдох нэгжээс гаргаж өгсөн техникийн үзүүлэлтийн дагуу хийх;

 

8/Улсын Их Хурлын гишүүн болон ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний идэвхийг сайжруулах зорилгоор спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах;

9/байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах, хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийг бүртгэх;

10/байгууллагын дэргэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хөрөнгө санхүүгийн төлөвлөлт, зарцуулалт, тайлагнах ажиллагаанд болон эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;

             11/Улсын Их Хуралд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх.


5.3.Бичиг хэрэг, архив, дотоод шуудангийн алба


Бичиг хэрэг, архив, дотоод шуудангийн алба нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурал, түүний Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хөтлөн явуулах;

2/батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх;

3/Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ирсэн албан бичиг болон Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой тараахаар ирүүлсэн баримт бичгийг дотоод шуудан (Улсын Их Хурлын гишүүд болон ажилтнуудын нэр бүхий хайрцаг)-аар дамжуулан хүргэх;

4/албажуулахаар ирүүлсэн материалыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, бичиг хэргийн стандартын дагуу бичих, хянах, хэвлэх;

5/Улсын Их Хурлын гишүүн, Хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн болон Иргэдийг хүлээн авах байраар үйлчлүүлж буй иргэдээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч бүртгэн дотоод шуудангаар шилжүүлэх;

6/Улсын Их Хурал, түүний Тамгын газрын архивын бүрдүүлэлт, тоо бүртгэл, хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагааг журам, зааврын дагуу зохион байгуулах;

7/Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг архивын лавлагаа, мэдээллээр хангах, холбогдох журмын дагуу байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын баримтын хуулбар, лавлагаа олгох;

8/Улсын Их Хурал, түүний Тамгын газрын цахим архив бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

             9/Хорооны ажлын алба, Тамгын газрын ажилтанд архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.

5.4.Номын сан


Номын сан нь өдөр тутмын үйлчилгээг зохион байгуулах, номын фондыг баяжуулах чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурлын номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, уншлагын болон мэдээлэл, лавлагааны үйлчилгээ үзүүлэх;

2/цахим номын сан, цахим мэдээллийн санг өргөтгөх, цахим мэдээллийн үйлчилгээ үзүүлэх;

3/номын санд шаардлагатай ном, хэвлэлийн судалгаа гаргах, захиалга авах, хадгалалт ашиглалтыг хариуцах, номын фондыг баяжуулах;

4/Улсын Их Хурлын номын санд судалгааны тайлангуудыг цахим болон хэвлэмэл хэлбэрээр байрлуулж, Улсын Их Хурлын гишүүд болон бусад уншигчдад судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцах нөхцөлийг бүрдүүлэх.

5.5.Хэвлэх, олшруулах цех

Хэвлэх, олшруулах цех нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/долоо хоног тутмын "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн эхийг бэлтгэж, хэвлэх;

2/чуулганы нэгдсэн танилцуулга болон бусад ном товхимлын эхийг бэлтгэж, хэвлэх;

3/хууль, тогтоол, захирамж, албан бичгийн хэвлэмэл хуудас, нэрийн хуудас, урилга, дугтуй зэргийг хийх;

            4/хэлэлцэх асуудалтай холбоотой хуулийн төсөл, баримт бичгийг олшруулах;

            5/Улсын Их Хурлын гишүүдэд хэвлэхийн үйлчилгээ үзүүлэх.


Үүсгэсэн: 2017-02-04 17:02

Хуралдааны тов