НББСШУБХорооны дарга Ё.Баатарбилэг Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы салбар хуралдаанд үг хэлэв

  2019-01-17 16:06  238
НББСШУБХорооны дарга Ё.Баатарбилэг Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы салбар хуралдаанд үг хэлэв

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо чуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 27 чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаануудад оролцов. 

    Хуралдаанд оролцогсод тус бүсэд болсон хоёр Солонгосын болон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний түүхэн уулзалтууд нь Ази төдийгүй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал байсныг дурдаад, Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн дэлхийд дарах жин ч мөн жил ирэх тусам нэмэгдсээр байгааг онцолсон.

    Парламентчид ололт амжилтын хажуугаар зөрчил, мөргөлдөөн, терроризм, хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах болон үндэстэн дамнасан гэмт хэргүүдээс үүдсэн аюул заналхийлэл ч мөн оршсоор байгааг, эдгээрт даяаршил, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ ихээхэн нөлөөлж байгааг хөндөж, ярилцав. Асуудлыг шийдвэрлэхэд парламентууд салбар хоорондын уялдааг хангасан, нэгдсэн, цогц, бүсийн хэмжээний төсөл, хөтөлбөр баталж, хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрэх дээр талууд санал нэгдсэн. 

    Орон нутагт ажлын байр нэмэгдэж, гадаадад цагаачлах явдал буурахад эерэг нөлөөтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх асуудалд парламентууд онцгой анхаарч, холбогдох хууль тогтоомжийг сайжруулахыг мөн зөвлөмжилсөн.   

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанд цахим аюулгүй байдлын сэдвээр үг хэлсэн. Тэрбээр үгэндээ цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар баримталж буй Монгол Улсын бодлого, шинэчлэгдсэн хууль тогтоомж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал парламентад байгуулагдсан Цахим бодлогын түр хороо, цахим орчны зүй зохистой агуулгыг дэмжих, цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох зорилгоор Фэйсбүүк компанитай байгуулсан гэрээ зэргийн талаар онцолж танилцуулав.


  2019-01-17 09:22  238