Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

  2019-06-23 08:43  363

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2019.06.23/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли, ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.


Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 2019 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм. 

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  


  2019-06-23 12:47  363