Цэс

Холбоо барих

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.19) нэгдсэн хуралдаан 14 цагт 62.6 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы хуралдааны “Их хуралдай” танхимд 9 гишүүн хүрэлцэн ирсэн бол 38 гишүүн нэгдсэн хуралдаанд цахимаар оролцлоо.


Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.4 дэх хэсэгт гишүүн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлэх, мөн зүйлийн 13.5 дахь хэсэгт хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан.

Хуулийн эл зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар үг хэлэх саналаа бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан юм. Тэрбээр хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувь болгох, хуурамч шатахуунтай тэмцэх, өндөр насны тэтгэврийн хэмжээг 7 жилийн дунджаар тооцдог хуулийн зохицуулалтыг 5 жил болгож өөрчлөх зэрэг нийгэм, эдийн засаг, иргэдэд чухал ач холбогдолтой хуулийн төслүүд санаачилж өргөн мэдүүлсэн ч хэлэлцэх асуудлын дараалалд орохгүй хойшлогдож байна гээд эдгээр гурван хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцүүлэх санал гаргалаа.


Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир казах түмний үндэсний Наурыз баярын өдөр тохиож буйтай холбогдуулан чуулганы танхимын индрээс үг хэлэх санал гаргасныг хуралдаан даргалагч зөвшөөрсөн тул тэрбээр үг хэлж, казах түмэндээ Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.   

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Салбарын сайд мал өвөлжилт, хаваржилтын өнөөгийн байдал, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар тодорхой тоо баримтад түшиглэн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын талаар:

Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол гаргасны зэрэгцээ аймаг, сум, малчдын түвшинд өвс, тэжээлийн бүрдүүлэлт, малын худаг ус, хашаа хорооны хүрэлцээ хангамж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан болон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан байдал, малчин өрхийн бэлтгэл зэрэг үзүүлэлтүүдээр өвөлжилт, хаваржилтын дүнг нэгтгэн дүгнэлт хийж, холбогдох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэв.


-Засгийн газрын 2020 оны “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэн, малчдад өвс, малын тэжээл олгох ажлыг амжилттай зохион байгуулав.

-Засгийн газрын 2020 оны “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  213  дугаар  тогтоолоор  Дэлхийн банкны  санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5.0 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нийт 45750 малчин өрх болон отор нүүдэл хийж буй малчин өрх бүрт 300,000 төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тэжээл тээвэрлэлтийн ажил энэ сарын 12-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй, үүнээс Баянхонгор аймагт 68 хувь, Говь-Алтай аймагт 100 хувь,  Өмнөговь аймагт 100 хувь, Өвөрхангай аймагт 54 хувь, Дундговь аймагт 92 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх,  хаваржилтын эрсдэлийг бууруулах  боломж бүрдүүлэв.

-Улсын Их Хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн  өртгийн албан татвараас  чөлөөлөх тухай” хуулиар мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн. Ингэснээр мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлох чиглэлээр 65 аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж, 2021 оны хавар мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай 120.0 орчим мянган тонн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүллээ. Мөн нийт 30 гаруй мянган тонн мал, амьтны бүх төрлийн тэжээл импортолж, 25 кг савлагаатай улаанбуудайн хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол 17965 төгрөг буюу 8 орчим хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200, Дорнод аймагт 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна.

-2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган толгой мал хорогдсон, үүнээс Архангайд 34 мянга, Баянхонгорт 344.9 мянга, Говь-Алтайд 43.8 мянга, Дундговьд 33.5 мянга, Өвөрхангайд 62 мянга, Өмнөговьд 29.9 мянга, Төв аймагт 37.2 мянга, нийт 585.5 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 86.7 хувийг эзэлж байна. Баянхонгор аймагт хамгийн их буюу 344.9 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 50 хувийг эзэлж байна. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 6 сумын 23 өрх огт малгүй болсон, 15 сумын 238 өрх нийт малынхаа 50-иас илүү хувийг хорогдуулсан байна.  

-Энэ сарын 18-ны байдлаар Завханы нутаг, Увс, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Баян-Өлгий, Ховдын өмнөд, Архангайн баруун, Булганы зүүн, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын зарим газраар 1-13 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Тэс 13 см, Улаангом, Зүүнговь, Хөвсгөлийн Цагааннуур 12 см, Баян-Өлгийн Даян, Увсын Сагил 10 см, Түргэн 9 см, Давст 8 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Баян-Өлгийн Дөчинжил 7 см, бусад нутгаар 1-6 см зузаан цастай байна.

-Мөн энэ сарын 13-15-ны өдрүүдэд салхи ихэнх нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32-40 метр хүрч, шороон болон цасан шуурга 01-10 цагийн хугацаатайгаар шуурч цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл боллоо. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд нийт 706 хүн төөрч, сураггүй болсон ба үүнээс 696 хүнийг эсэн мэнд олсон, Архангай аймагт 1 хүүхэд, Дундговь аймагт 9 хүн (үүнээс хүүхэд 1), нийт 10 хүн нас барсан. Хүчтэй салхи шуурганы улмаас 3 дугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 дугаар агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийж, дээрх 3 аймгийн онцгой хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан. Унасан тулгуур баганыг босгох ажлыг "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, "Увс ЦТСүлжээ" ХХК-ийн 68 инженер техникийн ажилтан, 13 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэн, 3 дугаар сарын 16-ны өдрийн 02:13 цагт сэргээн босгож цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт хэвийн горимд шилжсэн. Урьдчилсан байдлаар 140 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Нийт 16 аймгийн 154 суманд 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 283 байшингийн дээвэр хууларч, 2542 толгой мал хорогдсон урьдчилсан дүн гарсан байна гэдгийг салбарын сайд дурдав.


Түүнчлэн энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах, 19, 20-нд ихэнх нутгаар хүйтрэх урьдчилсан мэдээтэй байна. Ирэх 4-5 дугаар сард агаарын дундаж температур зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол бусад нутгаар дунджийн орчим байх, хур тунадасны хувьд Хангайн нуруу болон Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага, 5 дугаар сард төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Мөн 4 дүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15 м/с–ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурах болзошгүй бөгөөд 5 болон 6 дугаар сарын эхээр хуурайшил ихтэй байх төлөвтэй байгаа тул аймгийн хэмжээнд болзошгүй эрсдэлийг бууруулах, хүчтэй салхи шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийг иргэдэд эрт зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах шаардлагатай байгааг нэмж тодотгов.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад аймаг /Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ/-ийн нутагт отроор, Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын  2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг зохион байгуулна.

“Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай  албан даалгаврыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, бэлтгэл ажлыг хангаж байна. Бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд 2020 онд бэлчээрийн ургац муу байснаас 2020-2021 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Булган аймгуудын бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготнын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 4-5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэлийг ханган ажиллаж байна гэдгийг сайд дурдлаа.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар:

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд газар тариалангийн салбарт чамлахааргүй ололт гарсан. Өнгөрсөн онд нийтдээ 432.2  мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7  мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус  хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн талаар сайд мэдээлэлдээ дурдаад “Ковид-19” цар тахлын үед үүссэн нөхцөл байдалтай уялдуулан арвч хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдээ танилцуулав.


Хүнсний улаанбуудайнд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар ОХУ-аас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортоор нийлүүлэгдэж, 2021 оны ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй  байх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт ОХУ-аас 1200 тонн улаанбуудайн үрийг хүлээн авч, 3450 тонн үрийг ойрын хугацаанд хүлээн авахаар бэлтгэж буйг танилцуулав.

Улсын хэмжээнд 2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж  ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж,  хэрэгжилтийг Хөгжлийн банктай  хамтран зохион байгуулж байгааг сайд тодотголоо.

Мөн БНПУ-ын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр санал боловсруулан ОХУ болон БНБУ-ын талд хүргүүлж, хамтран ажиллаж байгаа.

БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг,  жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус  50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай,  жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь  усалгаатай талбайн хэмжээ 1500 га-гаар нэмэгдэх боломжийг бүрдэнэ гэдгийг онцлов.

Түүнчлэн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө  нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ хөнгөлөлт дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байгаа.

Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар  нэмэгдүүлэн,  төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах, 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа. “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 55.0 сая төгрөгийн санхүүжилтээр нэг аймагт суулгац үржүүлгийн төв байгуулж дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр  “Монгол чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, экспортыг дэмжих” туршилтын төсөл хэрэгжүүлж, чацарганын өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэл хотод байгуулагдах 16 мянган тоннын багтаамжтай, 90.0-100 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн дэд бүтэц, цахилгаан, шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа зэргийг сайд нэмж дурдав.

Салбарын яам цаашид тариалалтад дутагдаж байгаа  үр тариа, тэжээлийн болон сэлгээний таримлын үрийг импортоор нийлүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үр дүнтэй,  шуурхай зохион байгуулж,  төлөвлөсөн хэмжээндээ тариалалт явуулах боломжийг бүрдүүлэх; улс орон даяар “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хангамжийг тогтворжуулах арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах; Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг хаврын тариалалтын өмнө тариаланчдад олгох арга хэмжээг хэрэгжүүлэх; тариалангийн бүсээс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг тодорхой үе шаттайгаар гаргах, аймгуудад тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулсан юм.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн танилцуулав.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Ц.Туваан, Д.Ганбат, Ш.Адьшаа нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм. Уг тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг Нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл