Томъёоллын болон Төслийн эх баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд ажлын хэсэг хуралдлаа

  2019-09-08 19:35  182


    Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж,  төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.  Энэ хүрээнд  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томъёоллын ажлын дэд хэсэг, үргэлжлүүлээд тус ажлын дэд хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэгтэй хамтран өнөөдөр өргөн бүрэлдэхүүнтэй (2019.09.08) хуралдав. 


    Хуралдаанд УИХ-ын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсгийн ахлагч Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, УИХ-ын гишүүн асан, УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинжээч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Базаррагчаа, Жендер, иргэний нийгмийн шинжээч  Д.Сүхжаргалмаа нар  оролцов.

    Томъёоллын дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал  хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өдөр, шөнөгүй олон талаас нь хэлэлцсэн бөгөөд, тэдний олонхын санал авсан зүйл, заалтуудын агуулгыг өөрчлөхгүйгээр зайлшгүй засах  шаардлагатай утга найруулга, үг үсгийн алдаатай  өгүүлбэрийг  нягтлан  хэлэлцэж, хуулийн томъёолол болгохоор ажиллана гэдгийг онцолсон. 


            
    Хуралдааны үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалтыг одоогийн дагаж мөрдөж байгаа монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу цэгцлэх эсэх асуудлыг тодруулж байлаа. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэг, таслалыг өөрчлөх нь  нэмэлт, өөрчлөлтийн асуудал болдог. Иймд энэ удаа 1992 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа учир тэр үед бичигдэж үлдсэн зөв бичих дүрмийн дагуу төслийн зүйл, заалтынхаа үг үсгийг нийцүүлнэ гэж байлаа. 


    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хүрээнд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах,  Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр дэмжигдсэн 30 гаруй саналын томьёоллын нэг бүрчлэн нарийвчлан ярилцаад, гаргасан саналаа тайлбарын хамт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэгтэй хамтран хуралдаж дахин нягталсан юм. 

    Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, зөвлөх С.Доржханд, ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажилласан.


    Хамтарсан хуралдааны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг дахин хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн зүйл, заалт тус бүрийг дахин нягтлан хэлэлцээд дэд ажлын хэсгийг санал, тайлбар мэдээллийг  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  2019-09-08 15:37  182