Мэдээллийг ачааллаж байна ..

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим

Төрийн ордны 1957 оны өргөтгөлөөр энэ танхимыг барьж, кино үзвэр болон дайллага цайллагын зориулалтаар хэрэглэж ирсэн байна.

1990 оны анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлаас Улсын Бага Хурал байгуулагдахад уг танхимыг хуралдааны болгон засварлажээ. Уран сайханы ажлыг зураач, архитекторч Д.Батдорж, гоёл чимэглэл, арын фонын түмэн наст хээ болон сүлдийг Гар урлалын үйлдвэрийн хамт олон бүтээжээ.

1996 онд хуралдааны танхимыг засварлаж, санал хураах системийг шинэчилсэн бол 2006 онд өргөтгөл хийсэн байна.

 

Ардын Их Хурлын танхим

Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим /хуучнаар АИХ-ын танхим/ юм. Танхимыг 1957 онд 800 хүний суудалтайгаар барьсан бөгөөд 1981, 2016 онуудад их засвар, шинэчлэлийн ажлууд хийгдсэн болно. Танхимд Олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг, 12 хэлний орчуулгын болон соронзон бичлэг хийх өрөө тасалгаа, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна.

Их танхим 5-85 салаа бүхий 69 ширхэг гоёмсог гэрлийн бүрхүүлтэй.

Мөн Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг. 2016 онд Улсын Их Хурлын даргын 22 тоот захирамжаар Төрийн ордны байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус өөрчлөн нэрлэхээр шийдвэрлэсэн юм.


Хуралдааны тов