Тамгын газрын ажилтнууд манлайллын ур чадвар хөгжүүлэх сургалтад хамрагдаж байна

  2019-04-30 16:45  227

    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан манлайллын ур чадвар хөгжүүлэх хоёр өдрийн сургалт өнөөдөр /2019.04.30/ эхэллээ.

    Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтын зорилт нь төрийн албан хаагчдад сайн манлайлагч болон удирдах албан тушаалтны манлайллын арга зүй эзэмшүүлэх, байгууллагын менежмент, стратегийн манлайлал, төлөвлөлт, төсөл төлөвлөх, урьдаас төлөвлөн шийдвэр гаргах онолын ойлголт олгох, манлайллын ёс зүй, багааар ажиллах арга эзэмшүүлэхэд чиглэж байгаа аж.  


    Сургалтад хамрагдсан ажилтнууд мөн АНУ-ын парламентын үйл ажиллагаа, хуулийн төслөөр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар мэдлэгээ дээшлүүлж, үйл ажиллагааны туршлагаа нэмэгдүүлэх юм.

    Хоёр өдөр үргэлжлэх энэ сургалтад оролцогчдод АНУ-ын "Перегрине" манлайллын институтийн ерөнхийлөгч, доктор, профессор Олин О.Оедековен Манлайллын үнэт зүйлс, тэдгээрийн онцлог, манлайллын ёс зүй, удирдах албан тушаалтны манлайлал, Багаар ажиллах манлайллын аргууд, багийг манлайлан удирдах нь, Төслийн менежментийн манлайлал, АНУ-ын Парламентын үйл ажиллагаа, хуулийн төслөөр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах арга, хэлбэр сэдвүүдээр хичээл зааж, ажлын арга, туршлагаа хуваалцах юм.  


    Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нээж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-04-30 12:05  227