Цэс

Холбоо барих

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.26) УИХ-ын гишүүн Н.Учрал Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.


Төрийн санхүү, эдийн засгийн чадавхыг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг ямар нэг хууль эрхийн актгүй, батлагдсан норм, нормативгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд дараах нэмэлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнд:

Төсвийн зарлагын үйл явц нь төсвийн зарлагыг төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх гэсэн 3 үе шатаар хэрэгждэг учраас Төсвийн тухай хуулийн 24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ дараах зүйлсийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн заалт нэмж оруулахаар тусгасан байна.

Төсвийн эрх захирагчид байгууллагынхаа жилийн үйл ажиллагааны төсвийн зарлагыг тооцохдоо үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөлд хамруулж төрийн өмнө ямар ажил, үйлчилгээ үзүүлэх, түүнд шаардагдах хөрөнгийг хэрхэн төлөвлөхөд батлагдсан норм, норматив зайлшгүй шаардлагатай гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. Практикаас харахад их хэмжээний төсөв төлөвлөж дураараа зарцуулах, хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан талаар хууль хяналт, аудитын байгууллагын дүгнэлтээр илэрсэн байна.

Иймд нэгж байгууллага дээр мөрдөх төсвийн зарлагын норм, нормативыг тогтоон мөрдүүлэх, түүнийг уян хатан хэрэгжүүлэх заавар журмыг тогтоож өгөх шаардлагатай гэж хууль санаачлагч үзэж байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл