Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаан 15 цаг 34 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. 

Ингээд Засгийн газраас 2020 оны 09 дүгээр 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдварын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогчоос ажилтныхаа цалин хөлснөөс  нийт 22 хувиар тооцож төлдөг НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл тэглэх, мөн 2020 оны 10 дугаар сарын 1-ээс 2021 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд нийтдээ 10 хувьд хүргэж хөнгөлөх арга хэмжээг 2 үе шаттай хэрэгжүүлж байна. Коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан  2021 онд буцаад 22 хувь болж  нэмэгдэх байсан НДШ-ийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл өдрийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу   ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь  3-5 нэгжээр бууруулахаар тооцсонтой холбогдуулах Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа. 

Мөн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спорт, соёлын салбарт хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл болон орон нутгийн төсвийн эрх мэдлийг  нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг эрүүл мэндийн даатгалын санд олгох,  сумын эрүүл мэндийн төвийг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 оны 7 дугаар сард орсон өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон, орон нутаг дахь соёлын үйлчилгээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжсэн,  түүнчлэн малын тоо толгойн татвар нь сум, дүүргийн татварын орлогын бүрэлдэхүүнд хамрах болсон зэргээс шалтгаалан холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. 


Түүнчлэн, манай улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй  хэдий ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн  тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх болно. Энэхүү хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг онцлов.     

Концессын үр дүнд  төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр төрийн эсхүл орон нутгийн өмчлөлд ирээдүйд тодорхой эд хөрөнгө бий болох ба энэхүү хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил, үйлчилгээ худалдан авах  ажиллагаанд хамаарч байна.  Иймд үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх, үүнтэй холбогдуулан  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаас “концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хасаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд  хамруулахаар Засгийн газрын тухай хуулийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдав. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, С.Ганбаатар, Ж.Батжаргал, Ц.Анандбазар, С.Амарсайхан нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хэрхэн тооцож тогтоосон, сум орон нутгийн төсөвт ойролцоогоор хэчнээн төгрөг төвлөрүүлэх боломжтой эсэхийг тодрууллаа. Мөн албан татварын хувь хэмжээг мал сүргийн бүтэц, газар тариалангийн бүс нутагт ялгамжтай тогтоосон эсэх, татвараас төвлөрсөн орлогын зарцуулалтыг тодорхой  зааж тусгасныг илүүтэй лавлав. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, мал тооллогын дүн мэдээллээс харахад улсын хэмжээнд 70.9 сая мал тоологдсон. Хуулийн төсөлд албан татварыг 0-2000 төгрөг гэсэн хязгаар тогтоосон. 70.9 сая малаас 2000 төгрөгийн татвар авахад 142 тэрбум, нэг малд ногдуулах татварыг 1000 төгрөгөөр тооцоход 71 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой. Хамгийн бага буюу 21 мянган малтай нийслэлийн Багахангай  дүүрэг гэхэд 21 сая, дундаж буюу 209 мянган малтай Хэнтийн аймгийн Баян-Овоог сумаар жишээлэхэд 209 сая, хамгийн их буюу 640 мянган малтай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум гэхэд 640 сая төгрөгийг сумын төсөвтөө төвлөрүүлэх боломжтой.  Харин байгаль экологийн тэнцвэрт байдлаа хамгаалж хадгалах үүднээс сүргийн бүтэцдээ ялгамжтай хандан, адуу, ямаанд албан татвараа нэмүү ногдуулья гэдгээ сумын иргэд  хурал дээрээ ярилцаад аль төрлийнхөө малаас татвараа ахиу авах, эсвэл бууруулах асуудлаа шийдэх боломжтой. Мөн байгалийн гамшиг ган, зуд нүүрлэх үед уг албан татварыг тэглэх нөхцөлийг хангах үүднээс татварын доод талын хязгаарыг 0 гэж тусгаж өгсөн. Засгийн газрын зүгээс орон нутаг төсвийнхөө орлого, зарлагаа баталдаг учир тэр эрхэд нь халдахгүй байх зарчмыг баримталсан гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн  тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулна гэж байлаа.

  Гишүүдийн хувьд малын тоо толгойн албан татвар авах нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг бууруулах, сум орон нутаг бэлчээрийн менежментийг асуудалд онцгой анхаарал тавих санхүүгийн эх үүсвэр бүрдэх, малын ашиг шим, чанарын асуудалтай холбоотой тул уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ энэ төрлийн татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр болсон ч малын эрүүл мэнд, малын үржил, бэлчээрийн даацын менежмент, малын хариулга, маллагаа сурталчилгаа гэсэн чиглэлээр зарцуулалтыг нь тодорхой зааж өгөх, цаашлаад  малын тоо толгойн албан татварыг газар тариалангийн бүс нутаг, малын сүргийн бүтцийг харж ялгамжтай тогтооход анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.  


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан  Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.


    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар батлагдсаныг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлыг 3 их наяд 647.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь, нийгмийн халамжийн нийт зардлыг 824.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь  байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 их наяд 153.7  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан гэв. 

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан нийгмийн халамжийн нийт зардлыг анх батлагдсан дүнгээс 566.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд 390.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувь, хөрөнгийн зардлыг анх батлагдсан дүнгээс 148.7 тэрбум төгрөгөөр бууруулж 3 их наяд 498.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.3 хувь байхаар өөрчилсөн болно.  Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан хэмжээнд байхаар тус тус тооцсон болно гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонсов

Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонссон бөгөөд зөвлөлийн дарга Д.Даваасамбуу энэ талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээлэлдээ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2020 оны эхний хагас жилд эдийн засаг санхүү, төсвийн байдалд ажиглалт судалгаа хийх, Зөвлөлийн ажиллах эрх зүйн орчинг тодорхой болгох ялангуяа бие даасан байдлыг хангах, Олон улсын болон дотоодын эдийн засаг, судалгааны байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, бэхжүүлэх, Олон нийтэд Зөвлөл болон түүний эрхлэх асуудлыг тайлбарлан таниулах чиглэлээр  идэвхтэй ажилласныг дурдав. 

Монгол Улсын Төсвийн сахилга батыг бэхжүүлэх, төсөв, санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго тавин хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явууллаа. Сүүлийн  жилүүдэд улсын нэгдсэн төсөв ашигтай болж, эдийн засаг, санхүүгийн байдалд нааштай өөрчлөлтүүд гарч, мөнгө санхүү, валютын зохих нөөц бүрдсэн байлаа. Гэвч дэлхий дахинаа гарсан коронавирус ковид-19 цар тахлын хор уршиг хийгээд экспортын зарим барааны нийлүүлэлтэд гарсан саатал, төсвийн боломжоос хэтэрсэн халамжийн арга хэмжээ зэргээс хамаар ч төсвийн байдал , эдийн засгийн байдалп эрсдэл үүсч болзошгүй байна гэсэн дүнэлт гаргаж, Төсвийн байнгын хороонд танилцуулсан. Нэгдсэн төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болсон. Цаашдаа эдийн засгийн энэхүү тасалдлыг нөхөх, өр нэмэхгүйгээр байгаа нөөц бололцоондоо түшиглэх, нийгмийн халамж, хөрөнгө оруулалтын бодлогод зарчмын өөрчлөлт оруулж, бодит салбарыг дэмжих, дундаж болон түүнээс доош орлоготой нийгмийн хэсгийг дэмжиж, хавтгайрсан халамж, шаардлага багатай, ашиглалт муутай барилга, байшин барихаас татгалзах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хүргүүлснийг Д.Даваасамбуу тайландаа онцлов. 


Мөн тус тайланд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт, ялангуяа төсвийн тусгай шаардлагыг хангах, төсвийн хууль болон бусад хууль тогтоомжоор тодорхойлсон төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явдлыг ТТБЗ-ийн үйл ажиллагааны удирдлага болгон ажиллалаа. Монголын Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-аас төсвийн зардал, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх хязгаарлалт хийсэн. Ингэснээр Засгийн газар төсвийн алдагдлын төлөө хариуцлага хүлээж, төсвийн удирдлагыг хуулийн хүрээнд зөв хийж байх шаардлагатай болж байна. Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа хийж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж ажилласан гэж  байлаа.

Зөвлөлөөс Монгол Улсын эдийн засгийг Ковид-19 цар тахлын үед хэрхэн аврах, төсвийн байдлыг хямралд оруулахгүй байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа хийж “Коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай” санал, зөвлөмжийг Төсвийн байнгын хороонд албан бичгээр хүргүүлжээ. Уг санал, зөвлөмжид Монгол Улсын нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг тодорхойлоод гадны бусад улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, манай улс хэрхэн даван туулах боломжийг санал, зөвлөмжийн хэлбэрээр тусгасан гэж байв.

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл