Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 26 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай болон хамт батлагдсан Банкны тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд банкинд өөрийн хөрөнгийн шаардлага тавих, өөрийн хөрөнгийн шаардлагыг банк, банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар хангуулах, эдгээрээс банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг тогтоосон хугацаанд хангаж чадаагүй тохиолдолд банкнаас дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх, төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх нөхцөл, хэлбэр, үйл ажиллагаа, банкинд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах, төсөвт буцаан төвлөрүүлэх, төрийн байгууллагын бүрэн эрх, төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкинд хийх хяналт шалгалт, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Өөрийн хөрөнгийн дутагдал, алдагдлыг банкны хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжинд хүлээсний дараа төрөөс бусад хөрөнгө оруулагч банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд энгийн хувьцаа, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулах бол төрөөс банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд энгийн хувьцаа, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд хувьцаанд хөрвөх хоёрдогч өглөг хэлбэрээр хөрөнгө оруулах зохицуулалтуудыг тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх, гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх, гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох зохицуулалтуудыг хуульд шинээр тусгасан аж.

Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудал хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцээс хүчингүй болгосонтой холбогдуулан Улсын Их Хурлаас холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, Байнгын хорооны хуралдаанаар холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээллийг сонсох дэгийг тогтоохоор заасан.

Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулахыг үүрэг болгох, гишүүн хуралдааны үед авсан нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах боломжийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд шинээр нэмж тусгажээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд   техник хэрэгсэл хэрэглэх тухай, Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Түр хорооны даргыг сонгох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл