“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 03 дугаарын тойм

  2019-01-21 16:15  359


Эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ. Мөн Журам, жагсаалт батлах тухай, Дүрэм шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Журам, жагсаалт батлах тухай  Засгийн газрын тогтоолоор “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Озон задалдаг бодисын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт, “Озон задалдаг бодисыг орлуулах бодисын жагсаалт”-ыг 3 дугаар хавсралт, “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталжээ.

Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага, озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хориглох үйл ажиллагаа, хяналт тавих болоод хүлээх хариуцлагатай холбоотой бүхий л мэдээллийг эмхэтгэлийн хуудаснаас авах боложтой. Мөн озон задалдаг болоод түүнийг орлуулдаг бодисын болоод тэрхүү бодисыг агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалтийг “Төрийн мэдээлэл”-д бүрэн эхээр нь нийтэллээ.

Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор баталсан Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг нийтэлсэн байна.

Боловсролын магадлан итгэмжлэлийн ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага гүйцэтгэх бөгөөд Үндэсний зөвлөл нь сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанарт хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий төв байгууллага байна гэж дүрэмд заажээ.

Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх ажиллагааг Үндэсний зөвлөлийн тогтоосон шаардлага, шалгуурыг хангасан, тус байгууллагад бүртгүүлсэн, тодорхой салбараар дагнаж мэргэшсэн, ашгийн төлөө бус  байгууллага хэрэгжүүлэх аж. Дүрэмд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг, Үндэсний зөвлөлийн  чиг үүрэг, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагын үүргийг хэрхэн тусгасан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-01-21 16:15  359