Цэс

Холбоо барих

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр (2020.09.10) тохиож байна.


Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Энэ жил 25 дахь жилдээ энэхүү өдөрт зориулсан хүндэтгэл, ёслолын арга хэмжээг улс орон даяар зохион байгууллаа.



Энэхүү өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга - Бодлого, үйл ажиллагааны менежер Б.Саруул, Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо болон нийслэл, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.




Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2 дахь заалтад тусгагдсан 500.0 мянга, 1 сая, 40 сая, 80 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгосон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл