УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат Вьетнамын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

  2019-06-06 12:27  165

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат өнөөдөр /2019.06.06/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэх, үүний тулд ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав.  

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэхэд тээврийн харилцааны асуудал хамгийн гол бэрхшээл болж байгаад санал нэгдэж, эрх зүйн талааасаа бүрэн нээлттэй байгаа агаарын тээврийн шууд нислэг хийх тухайд санал бодлоо дэлгэрэнгүй солилцлоо.

Тээврийн харилцаатай болсноор 2017 оны наймдугаар сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас  дэвшүүлсэн хоёр орны худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилтыг бүрэн биелүүлж,  давуулах боломжтой талаар мөн санал солилцсон.


УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга  А.Сүхбат Төв аймгаас сонгогдсон учир Төв аймаг  Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах боломжийн талаар саналаа танилцуулж, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжийг ажил хэрэг болгон ажиллах талаар тэмдэглэв.  Тухайлбал, ямааны арьсыг боловсруулж, байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй цаас гаргаж авах үйлдвэрлэлийг хамтарч байгуулах талаар саналаа танилцууллаа.

Хао Бинь мужийн төлөөлөгчид манай улсад ажиллах үеэрээ хамтран ажиллах санамж бичгийг албан ёсоор байгуулсан Төв аймагт зочилж, хамтын ажиллагааныхаа чиглэлээр үргэлжлүүлэн ярилцах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

  2019-06-06 15:39  165