Хил орчмын бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа

  2019-07-03 10:12  152

        ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй депутатууд манай улсад энэ сарын 02-06-ны өдрүүдэд айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь өнөөдөр (2019.07.03) ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Н.Амарзаяа нар оролцов.

        Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг урилаа.

        Тэрбээр, “Манай хоёр улсын харилцаа ЗХУ-ын үеэс эхлээд олон зуун жилийн түүхтэй. Бүхий л салбарт амжилттай сайн хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжсон. Тэр дундаа Монгол-Буриадын хамтын ажиллагааны цар хүрээг улам өргөжиж байгаад баяртай байдаг. Бид одоо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй улс орон даяар энэхүү өөрчлөлтөд анхаарлаа хандуулж байна. Саяхан УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон” гээд УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх төсөл дээр ажиллаж байгаа тул төлөвлөсөн уулзалтаа хийж чадаагүйд хүлцэл өчсөнийг уламжилсан юм.

        Эдийн засгийн харилцаа эерэг өсөлттэй гарч, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 1,8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний дотор Монгол-Буриадын худалдааны эргэлт 44 орчим сая ам.долларт хүрлээ. Буриадын Ардын Хурлаас худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг байнга дэмждэгт талархалтай байдаг. Хоёр талын харилцааг өргөжүүлэхэд бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Визгүй зорчих журам худалдааны хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа ч хил дээр шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Цаашид манай иргэдийн аливаа хүсэлт, шаардлагуудад нааштай хандах, эдийн засаг өсөж байгааг харгалзан үзэж хил залгаа нутгуудад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, хууль эрхзүйн болон бусад талаар дэмжиж ажиллахыг хүслээ.


         Мөн тэрбээр, өнгөрөгч тавдугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ойд зориулан Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан “Алтанбулаг-290: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Буриадын Ардын Хурлаас төлөөлөгчид ирж оролцсонд талархал илэрхийлээд олон улсын хэмжээний арга хэмжээг анх удаа хил орчмын бүсэд амжилттай зохион байгуулсныг тэмдэглэсэн юм.

       ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов найрсаг дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдөө танилцуулав.

        Хоёр улсын харилцаа бүх чиглэлд амжилттай хөгжиж байгаатай санал нэг байна гэдгээ ноён Владимар Анатольевич Павлов хэлээд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлов.

        Тэрбээр, “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, ОХУ-аас шүлхий өвчний вакциныг нийлүүлж байна. Бэлчээрийн малын мах амт, чанар сайн учраас Буриадын махкомбинатууд Монголоос мах авах сонирхолтой байдаг. Харилцан мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бий. Мөн аялал жуулчлалын салбар хөгжиж, Монголоос ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Визгүй зорчих журам хэрэгжиж эхлэхээс өмнө 160 гаруй мянган жуулчин ирдэг байсан бол одоо даруй гурав дахин өсөж 4000 орчимд хүрээд байна. Энэ өсөлт худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлдэг ч бидэнд шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хууль тогтоох болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь олон талын ач холбогдолтой. Манай хоёр улсын хооронд тогтоосон олон жилийн түүхэн, нөхөрсөг, ахан дүүсийн харилцааг бид хүндэтгэн дээдэлж, хөгжүүлж явах ёстой” хэмээн онцлов.

        Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлалд бэлтгэж, олон томоохон ажил өрнүүлэхээр төлөвлөснийг дуулгаад энэ нь хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

      Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг ноён Владимар Анатольевич Павлов гардуулан өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 


  2019-07-03 17:46  152