Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан Шүүхийн багц хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх дүгнэлт гаргах эрх хэмжээг оруулаагүй нь Засгийн газраас шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндсэн хуульд нийцээгүй эрх хэмжээ, дур зоргыг хязгаарлах ёстой гэх бодлогоо нэгэнт зарласан хэрэг гэж үзэж байна. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасныг төсөл санаачлагч гишүүн Б.Энхбаяр танилцуулав.


Учир нь Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан бөгөөд Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь бүх шатны шүүгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гаргахаас бус тэдгээрийг томилох, чөлөөлөх саналыг өөрөө гаргах, тийнхүү санал дүгнэлт гаргах урьдчилсан үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувиар оролцох бүрэн эрх байхгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүх шатны шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах эрх хэмжээг гагцхүү Шүүхийн сахилгын хороонд олгосон байх бөгөөд зөвхөн Үндсэн хууль, шүүхийн тухай хуулиар эдлэх шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд олгосон нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэж буйгаа тэрбээр онцлов.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь хууль зүйн хүчин чадлын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрээс доогуур эрэмбэлэгдэж, гагцхүү зөвлөмжийн шинж чанарыг агуулна. Гэтэл хууль зүйн хүчин чадалгүй зөвлөмжийг үндэслэн шүүгч, Монгол Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгож байгаа нь Үндсэн хуульд заасан хууль ёсны байх зарчмыг гажуудуулсан байна.

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Үндсэн хуульд нийцээгүй эрх хэмжээ олгож, төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, хууль ёсны зарчим, шүүхийн хараат бус байх зарчмыг гажуудуулсан эдгээр заалтыг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй юм. Төсөлд бүх шатны шүүхийн шүүгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн заалтыг хүчингүй болгох, Ерөнхий шүүгчдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар хэлэлцэх зохицуулалтыг хасахаар зохицуулжээ.

Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь тус тус 2 зүйлтэй. Монгол Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч болон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хууль зүйн хүчин чадалгүй, зөвлөмжийн шинж чанар агуулсан зөвлөмж гаргаж бүрэн эрхийг нь Үндсэн хууль, бусад хуульд үндэслэхгүйгээр дуусгавар болгох, огцруулах зохицуулалтыг хасахаар тусгажээ. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Үндсэн хуулиар олгоогүй эрх хэмжээ хязгаарлагдаж, Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан суурь зарчимд нийцнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа, Т.Доржханд, Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар, Н.Ганибал нарын гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, С.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 43 нь буюу 64.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.


Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг анх 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр баталснаар Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын үндсийг бүрдүүлсэн. Гэвч уг хуулийн зорилго, зохицуулалт, үйлчлэх хүрээ улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, шинээр бий болсон харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгаа учраас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаанд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шилжилт хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл байдлаар зохицуулах зорилгоор 5 бүлэг, 41 зүйлтэйгээр боловсруулсан.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах, ингэхдээ ажил олгогч ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд гадаадаас ажилтан авах хүсэлт гаргах эрх үүсэхээр хуульчилсан. Гадаадаас ажилтан сонгох, ажилтан авах зөв гарцыг бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох боломжийг шинээр тусгасныг хууль санаачлагч онцлов.

Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгах давтамжийг тогтоосон зохицуулалтгүй байгааг бусад орны туршлагын дагуу хугацаа, давтамж тогтоож, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, зөвшөөрөл бүхий гадаадын иргэнийг өөр байгууллагад шилжүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг шинээр бий болгосон. Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гишүүн орнууддаа зориулсан үндсэн зөвлөмжийн дагуу хөдөлмөр, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл харилцан солилцох зохицуулалтыг тусгасан талаар тодотгов.

Мөн гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоо хангалтгүй байсныг өөрчилж, оролцоог хангах, зарим чиг үүргийг орон нутагт шилжүүлж, тухайн үйл ажиллагаанд нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьдаг байхаар томьёолжээ. Түүнчлэн гадаадаас ажилтан авах хувь хэмжээ /квот/-ний тогтолцоог бүрэн өөрчилж, одоогийн хуулиар хуулийн этгээдийн гадаад ажилтан авч хөдөлмөр эрхлүүлэх урьдчилсан зөвшөөрлийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэдэг байсныг салбарын яамдын саналыг үндэслэн гадаад ажилтны тоог жил бүр Засгийн газар тогтоохоор тусгажээ.


Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл,  П.Анужин, Т.Энхтүвшин нар салбарын сайд болон Байнгын хорооноос асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоож, салбарын онцлогийг харгалзан Засгийн газар ялгаатай тогтоох боломжийг хуулийн төсөлд зохицуулж өгсөн. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутагт төлж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулсны ажлын байрны төлбөрийн асуудлыг хөндөөгүй.

Мөн Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлан зохицуулсан. Тусгай зөвшөөрлийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай гадаадад ажиллах хүч илгээх гэрээ байгуулсан, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай хуулийн этгээдэд олгох юм. Түүнчлэн зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг бууруулах, барагдуулах асуудлыг шинээр тусгасан. Зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулсан гэдгийг хэллээ.


Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, М.Оюунчимэг, С.Чинзориг, П.Анужин, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 55.6 хувийн саналаар дэмжиж батлав. Уг тогтоолын дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Д.Сарангэрэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, М.Оюунчимэгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, С.Ганбаатарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, С.Чинзоригийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Ц.Сандаг-Очирыг Төсвийн байнгын хорооны, М.Оюунчимэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ч.Ундрамыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болов. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл