ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар Н.Оюундарийг сонгохыг дэмжлээ

  2018-06-26 18:33  462


УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2018.06.26) 10 цаг 28 минутад 55,6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн заалт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох тогтоолын заалттай зөрчилдөж байгаа эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үед төслийн 2 дахь заалт нь Улсын Их Хурлын 2015 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгат барьсан болон барьж байгаа худалдааны төвүүдийн барилгын ажлыг дуусгаж, хувийн хэвшилд худалдаж, орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх;” гэсэнтэй зөрчилдөж байгааг хянан үзэх шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна. 

Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын тогтоолын төслийн 2 дахь заалтад тусгасан “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шүлжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг хувьчлахгүйгээр зориулалтын дагуу ашиглах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3  хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн Засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаанд Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхаа эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгө 559,619.8 сая төгрөг болж, 2016 оноос 9.5 хувиар хэмнэгдсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланд хуульд заасан хугацаанд аудитын дүгнэлт гаргуулж, зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт авчээ.  

Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Б.Пүрэвдорж, О.Батнасан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тус салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагуудын удирдлагуудаас тулгамдаж байгаа асуудлыг илүүтэй лавласан. 


Хууль, хүчний байгуулагуудын удирдлагын хувьд, “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолд эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарах 2 төрийн албан хаагч тутамд 1 албан хаагчийг нөхөн томилох, энэ хугацаанд бусад салбарт төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй” байхаар зааснаас үүдэлтэйгээр салбарын боловсон хүчний асуудалд хүндрэл дагуулж байгаа талаар санал хэлж,  мөн барилга байгууламжууд хуучирч муудсан, автомашины парк шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг 2019 оны төсөвт нэмэх талаар анхааралдаа авахыг гишүүдээс хүсч байлаа.  

Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтов.

Хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг дэмжлээ


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүнээс  2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Гарамжав нар хуулийн дагаж мөрдөх хугацааг тогтооход хүндрэл гарах эсэх, хууль хүчин төгөлдөр болбол одоо ял эдэлж байгаа өсвөр насны хүүхдүүдэд үйлчлэх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлүүлэхээр болов.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Хуралдаан Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнээр үргэлжлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.


Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7 дахь заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцэд хамаарах эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заасан байдаг. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.” гэж, мөн зүйлийн 5.1.1 дэх заалтад “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг” ойлгоно гэж тус тус зааж Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1 дэх заалтад “Засгийн газар” багтана гэж үзэн, Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч байгаа аж.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.” гэж, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэж, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай зөрчилдөж байгаа болно. Үндсэн хуулийн дээрх үзэл санааг баталгаажуулж Засгийн газрын шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтанд байх эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 02 тоот Дүгнэлт гаргасан байна. 

Хуулийн төслөөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, түүний тайлбар болон 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтаар үүссэн  ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засаж, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилгоор  хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Ш.Раднаасэд, С.Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Ажлын хэсэг дээр нарийн нягтлан судалж, улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа гэдгийг тодорхой болгох шаардлагатай байна гэсэн саналыг хэлж байлаа. 

Ингээд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Дэд хорооны даргыг сонгож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Мөн хуралдаанаар  Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Дэд хорооны даргад Н.Оюундарь гишүүний нэрийг дэвшүүлэв. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгох санал хураалгахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив. 


Хуралдааны төгсгөлд Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын тогтоолын төсөл  батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын албан тушаалтны  дээрх цалин, зэрэг дэв бусад нэмэгдлийн нийт хэмжээ нь ижил түвшний шүүгчийн цалингаас давж болохгүйг анхааруулж байлаа. Иймд прокурорын албан тушаалтны цалин, зэрэг дэв бусад нэмэгдлийн хэмжээний нийт дүнг шүүгчийн цалинтай харьцуулсан судалгааг гишүүдэд нэн яаралтай бичгээр танилцуулах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа. 

Ингээд Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  2018-06-26 18:06  462