“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 11 дугаарын тойм

  2019-03-20 14:18  306


Эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Уг зарлигаар Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаярыг томилсон байна.

Мөн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 357, 362, 374 дүгээр тогтоолууд, Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Засгийн газрын 357 дугаар тогтоолоор “Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам”-ыг, 362 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нөхөх олговор, тусламж олгох журам”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид замын зардал олгох журам”-уудыг, 374 дүгээр тогтоолоор “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсан байна.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журамд орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэнийг мэдээллээр хангах зорилгоор нийтийн зориулалттай болон амины орон сууцны мэдээлэл, амины орон сууцны нэг маягийн зураг төсөл, цомог, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг агуулсан цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, нийтэд мэдээлж байхаар тусгажээ.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах орон сууцанд тавих шаардлага, зээлдэгчид тавих шаардлага, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй холбоотой бүхий л мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2019-03-20 14:18  306