Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав

  2019-03-20 15:53  331

Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа өнөөдөр (2019.03.20) Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав.

Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хөгжлийг хөдөө, орон нутаг руу чиглүүлэхэд ихээхэн анхааран ажиллаж байгаагаа уулзалтын эхэнд З.Нарантуяа гишүүн онцлоод ТИКА-ийн орон нутагт хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдэд талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Цаашид Завхан аймагт боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллаж, үр бүтээлтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тухайд санал солилцлоо.

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер ТИКА-аас Монголд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг уулзалтын эхэнд танилцуулсан юм. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийгдэж, үр дүн эхнээсээ гарч эхэлж байгааг дурдлаа. Цаашид ТИКА-ийн зүгээс манай улсын 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байгаагаа уламжлаад, энэ зорилтын хүрээнд Завхан аймагт тодорхой төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд хоёр тал хамтран ажиллах төслүүдээ ойрын хугацаанд ажил хэрэг болгох тухайд анхаарч, Монгол, Туркийн харилцаанд үнэтэй хувьд нэмэр оруулан ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-03-20 15:47  331