Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн хууль тогтоомжийн биелэлтийг хангах, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах, Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөө, хянан шалгах чиг үүргийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт долоон бүлэг, 58 зүйлтэйгээр хэлэлцэн баталсан.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авахаас гадна хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар ирсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд шинээр тусгасан билээ.

Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран УИХ-аас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.06.08) зохион байгууллаа.


Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд тавих Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах, хяналтын сонсгол зохион байгуулах, шаардлагатай бол  хянан шалгах түр хороо байгуулах, төсөв төрийн санхүүгийн удирдлагын хяналтын байнгын тогтолцоог бүрдүүлэх, үр нөлөөг сайжруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож хуулийн хэрэгжилтийг тайлагнах, хуулийн нэгдсэн ойлголттой болход уулзалт, хэлэлцүүлгийн зорилго оршиж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон.Тэрбээр хуулийн үзэл баримтлалын талаар болон “Улсын Их Хурлын хянан шалгах хэлбэр ба Тамгын газрын чиг үүрэг” сэдвээр танилцуулга хийв.  


Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд Улсын Их Хурлын хяналт шалгалтыг урьдчилан төлөвлөдөг болсон, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилсан, хяналтын сонсголын төрөл, хэлбэр тодорхой болж, нарийвчлан зэрэг шинэлэг зохицуулалтууд орсныг дурдаад, хууль хэрэгжсэнээр Улсын Их Хурлаас батлагдсан хууль тогтоомжид, хүний эрх  хангагдсан эсэх талаар хяналт хийгддэг болж, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар илүү үр нөлөөтэй, нээлттэй явуулах байнгын тогтолцоо бүрдэнэ гэдгийг илтгэлдээ тодотгосон юм. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд УИХ-ын Тамгын газар мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бөгөөд Тамгын газарт хуулиар гурван чиг үүрэг, 15 багц үйл ажиллагаа шинээр нэмэгдсэн хэмээн мэдээлсэн. 

Хэлэлцүүлэг “Улсын Их Хурлын Хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд бусад байгууллагын оролцоо”, “Улсын Их Хурлаас зохион байгуулж буй хяналтын сонсгол болон бусад байгууллагын оролцоо”, “Улсын Их Хурлын хянан шалгах Түр хорооны үйл ажиллагаа бусад байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа”, “Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд мэдээлэл сонсох, тайлан , мэдээлэл хэлэлцэх, явц дахь байгууллагуудын үүрэг оролцоо”, “Хууль тогтоомжийн хэрэгжилт болон Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийхэд бусад байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа”, “Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт”, “Төсвийн хяналт” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн бөгөөд оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Уулзалт, хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдах албан тушаалтнууд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл