Цэс

Холбоо барих

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

 Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 21 минутад эхэллээ. Уг хуралдаанд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв.


Тэрбээр мэдээлэлдээ, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” үндсэн хоёр стратеги, зургаан зорилтын хүрээнд нийт 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд 2018 оны эхний хагас жилд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлсэн.

2017 оны эхний 10 сарын хэрэгжилтийг авч үзвэл, нийт 54 арга хэмжээнээс:

-зургаан арга хэмжээ бүрэн биелсэн;

-25 арга хэмжээ 70 хувь биелсэн;

-22 арга хэмжээ 40 хувьтай биелсэн бол нэг арга хэмжээний хэрэгжилтийн хугацаа болоогүй байна. Хөтөлбөрийн хэрэгжилт дунджаар 60.9 хувьтай байна.

Бүрэн буюу 100 хувь биелсэн зорилт, арга хэмжээг дурдвал:

-Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр ашгийн шинжилгээ хийж, сангийн зарцуулалтыг ард иргэдэд нээлттэй ил тод болгох;

-“Алт-2” хөтөлбөрийг боловсруулж батлуулах;

-Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, ажиллуулах зэрэг болно гэдгийг мэдээлэлдээ онцоллоо.


“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нэгдүгээр стратеги болох макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Үүний үр дүнд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулахад чиглэсэн сангийн болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, шинэчлэл хийсэн нь эдийн засагт эерэг үр дүнгээ өгсөн. Засгийн газраас нэн тэргүүнд эдийн засгийн уналтыг зогсоох, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр оновчтой бодлогыг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүн гараад байна гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдав.

“Эдийн засгийг хөтөлбөр”-ийн 2 дугаар хавсралтад тусгасан тэргүүн ээлжид боловсруулж, батлуулах шаардлагатай 13 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хэрэгжилтийг дүгнэж үзвэл:

-дөрвөн арга хэмжээ биелсэн;

-найман арга хэмжээ 70 хувь биелсэн;

-нэг арга хэмжээний хэрэгжилт 40 хувьтай байна.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, гадаад зах зээлийн таатай нөлөөгөөр эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж байгаа боловч “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан эдийн засаг, нийгэмд томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийг эрчимжүүлэх зарим төсөл, арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байна. Иймд тэдгээр төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх, холбогдох гэрээ, хэлцлүүдийн явцыг түргэсгэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж, хэрэгжилтийн тайланд хийсэн ажлын гүйцэтгэлд суурилан бодитой, нарийвчлан тайлагнах шаардлагатай гэж үзэж байна.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт туссан томоохон арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн үнэлгээ, тайлагналтыг сайжруулах чиглэлээр холбогдох салбарын сайд нарт үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр томоохон Ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөөд байгааг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ онцлов.

    Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа, Тус хөтөлбөртэй холбогдуулан Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлыг товчоор дүгнэвэл, дэлхийн эдийн засаг сэргэж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж экспортын тоо хэмжээ болон үнийн дүн өссөн. 2017 оны эхний есөн сарын байдлаар экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын орлого 3.4 дахин, төмрийн хүдрийн экспортын орлого 40 хувиар нэмэгдээд байна. 2016 оны зургаан сард ердөө 293 сая ам.доллараар борлуулалт хийж байсан нүүрс 2017 оны есөн сарын дүнгээр нэг тэрбум 730 сая ам.долларт хүрсэн нь даруй нэг тэрбум 437 сая ам.доллараар давсан байна. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, цайрын баяжмал, алт зэрэг голлох уул уурхайн экспортын бүтээгдэхүүнүүд бүгд өссөн үзүүлэлттэй, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Уул уурхайн экспортын голлох зургаан бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2016 оны зургаан сард нийт дүнгээрээ 1,8 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны есөн сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ. Монголбанк энэ онд цэвэршүүлсэн алтаа нэг тэрбум ам.доллараар арилжаална. Уул уурхайн экспортын хэмжээ 2017 онд 23 хувиар өсөж зургаан тэрбум ам.долларт хүрэх нь тодорхой байна. Ийнхүү уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн уналт зогсож, сэргэлт эхэлсэн таатай он жил гарч байгаа боловч эдийн засгийн хүндрэлүүдийг арилгах, төсвийн алдагдал болон өрийн дарамтыг бууруулах сайхан боломжуудыг Засгийн газар бүрэн ашиглаж чадахгүй байна гэдгийг онцолж байлаа.

Мөн олон улсын байгууллагаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах, иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх, аялал жуулчлалын гол маршрутын зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах, гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг зорилтууд огт биелэгдээгүй байна. Бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилт биелэгдсэнгүй гэж УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулгадаа дурдав.


    Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар асуулт асуусан юм. Гишүүдийн зүгээс эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах, өрийн асуудлыг шийдэх, валютын ханшийг тогтворжуулахад Засгийн газраас авах арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нэгдсэн төсвийн алдагдал 2016-2017 онд 2,8 дахин буурсан. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг 2,7 их наядаар тооцож цаашлаад 2,4 их наяд төгрөгт хүргэж, багасгах зорилтыг тавиад байгаа. Түүнчлэн Засгийн газар байгуулагдсан даруйдаа Засгийн газрын гишүүд, дэд сайд, агентлагын удирдлагуудыг цуглуулж төсвийн сахилга батыг сайжруулах, ажлын хариуцлага, үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө өргөтгөсөн хуралдаан хийж, албан даалгавар өгөөд байна. Сайн засаглал бол хуулийг хэрэгжүүлдэг, шударга ёсыг биелүүлдэг байхад чиглэн ажиллаж байгаа хэмээн хариулж байв.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид л эдийн засгийн бодит өсөлтийг хангадаг. Гэвч тэдний гол хүндрэл нь арилжааны банкуудаас зээл авах амаргүй асуудалтай тулгардаг. Засгийн газар нь иргэд, баялаг бүтээгчидтэйгээ зэрэгцээд төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зээл авснаар арилжааны банкуудын зээлийн хүүг өсгөсөөр ирсэн. Гадаадаас зээл авах гэхээр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан байгаа. Иймд Засгийн газрын гол зорилго бол 2018 онд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авахгүй, төсвийн тэвчиж болох зардлаа хэмнэснээр бодит эдийн засаг хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдээ дэмжих болно. Монгол Улсын 2018 оны төсөв энэ хэвээр батлагдвал валютын ханшны тогтворгүй байдлыг зогсоож, төгрөгийн ханш чангарна хэмээн  нэмж хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл