УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Ахисан түвшний Жендэрийн дүн шинжилгээ” цахим сургалтад хамрагдаж байна

  2021-04-28 16:50  248

    Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, MERIT төсөл хамтран “Ахисан түвшний Жендэрийн дүн шинжилгээ” цахим сургалтыг зохион байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд хамрагдаж байна.  

    Тамгын газар нь Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүргийг гүйцэтгэдэг. Тамгын газрын ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээний үндсэн ойлголтуудын талаар суралцаж, тэдгээрийн онцлог шинж чанарууд нь төрийн бодлого, үйл ажиллагаанд нөлөөлж болох тухай; Дүн шинжилгээ хийснээр төрийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, нөлөөг хэрхэн сайжруулж болох талаар болон практикт дүн шинжилгээг хийж гүйцэтгэх үе шат, үйл явцын талаар мэдлэгийг эзэмших юм байна. 

    “Ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээ” сургалтын ерөнхий танилцуулга, чиглүүлэх хичээлийг өнөөдөр (2021.04.28) цахимаар зохион байгуулж, “Мерит” төслийн дэд захирал Р.Алтангэрэл сургалтад оролцогчдод мэдээлэл өгөв.

    Төрийн аливаа бодлого, үйл ажиллагаа нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс, цаашлаад хүн амын өөр өөр бүлэгт хэрхэн нөлөөлж буйг үнэлж дүгнэхэд ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээний аргыг ашигладаг байна. Хүн амын ялгаатай хэрэгцээнд бүрэн нийцсэн төрийн бодлого, шийдвэр, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй, илүү тэгш, хүртээмжтэй, үр өгөөжтэй байдлаар иргэдэд хүргэхэд энэ төрлийн мэдлэг, чадвар нь нэн чухал болохыг тэрбээр онцоллоо.


    “Ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээ” цахим сургалтыг “Хүйс ба жендэр”, “Хүйс жендэрийн ойлголтоос давах нь”, “Ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээ гэж юу вэ”, түүнийг хэрхэн хийж гүйцэтгэх, практитк ашиглах нь гэсэн таван модультай, видео, зураг, бичвэр мэдээлэл, мэдлэг бататгах явцын дасгал ажил, кейс зэрэг агуулгыг багтаасан 3 цаг 30 минутын хөтөлбөр юм. Канад Улсын Эмэгтэйчүүдийн аж байдлын яамнаас боловсруулан гаргасан “Gender-based Analysis Plus” сургалтын агуулгад тулгуурлан, MERIT төслөөс Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, Монгол Улсын кейс, жишээгээр баяжуулан энэхүү цахим сургалтыг боловсруулжээ.

    “Мерит” төслийн дэд захирал Р.Алтангэрэл хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл өгч, танилцуулга хийсний дараа сургалтад оролцогчид зарим зүйлийг асууж, тодруулга авсан. Тамгын газрын ажилтнууд 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс тавдугаар сарын 07-ны өдрийн хооронд тус хөтөлбөрийг цахимаар  судлах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-04-28 16:08  248