“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 02 дугаарын тойм

  2019-01-15 10:05  297


Эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай, Гэрээ соёрхон батлах тухай хуулиудыг нийтэллээ. Дээрх хуулиар Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээг соёрхон баталсан юм.

Монгол Улсын олон улсын гэрээ

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Хуулийн зорилт нь Монгол Улсын баруун, баруун өмнөд бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн 13 захиргаадын менежментийг бэхжүүлэх, тухайн газар нутагт амьдран суугаа орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 13.3 тэрбум төгрөгийн санхүүжилт болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай 13 газар нутгийн экологийн коридор, кластер, менежментийг бэхжүүлэх юм байна.

Төслийн II шатны санхүүжилтийн хүрээнд Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, төслийн I шатны гүйцэтгэлийг дэмжихээс гадна тусгай хамгаалалттай газар нутгуудын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ховордсон амьтад, ургамлын экосистем, генетикийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, нөөцийг нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын тэнцвэрт тулгуурласан үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлэх ажээ.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжин хоёр улсын холбогдох байгууллагын саналыг авч нэгтгэн гэрээний төслийг ажлын шугамаар тохиролцон, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөн бөгөөд улмаар талууд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод гарын үсэг зуржээ.

Ялтан шилжүүлэх тухай гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд гэрээгээр түүнийг хэрэгжүүлэх төв байгууллага, ялтан шилжүүлэх болон шилжүүлэхээс татгалзах нөхцөл, хүсэлт гаргах журам, ялтныг шилжүүлэх, шийтгэл тогтоолыг гүйцэтгэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байна. 

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, эх орондоо ялаа эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэх ажиллагааг цаг алдалгүй гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Мөн дугаарт Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-01-15 10:05  297