“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 09 дугаарын тойм

  2019-03-06 10:45  371
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 09 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Компакт гэрээ соёрхон батлах тухай УИХ-ын тогтоол, Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар болон Мянганы Сорилтын Корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээг нийтэлжээ.

Компакт гэрээ нь 8 зүйл, 6 хавсралтаас бүрдэх ба гэрээний санхүүжилт, татвараас чөлөөлөх үндэслэл, гэрээний хэрэгжилтийг дүгнэх болон талуудын хүлээх үүрэг зэрэг нөхцөлийг гэрээнд тодорхой тусгажээ.

Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлэх юм байна. АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу компакт гэрээ хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүргийг хүлээнэ. Үүний дагуу 111.7 сая хүртэл ам.долларыг Монголын талаас гаргах ба санхүүжилтийн хэмжээ нь хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл болон судалгааны ажлын үр дүнгээс хамаарч буурах бололцоотой ба уг санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж, улсын төсөв зэрэг эх үүсвэрээс гаргана гэж тооцжээ.

Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулах аж. Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудын хөргөх системд ашигласнаар усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор “Гамшгаас хамгаалах улсын алба, улсын албаны дарга, тэдгээрийн түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллагын жагсаалт”, “Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам”, “Гамшгаас хамгаалах улсын албаны удирдлага (штаб)-ын бүрэлдэхүүн”-ийг тус тус баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-03-06 10:42  371