Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 21 дэх дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 21 дэх дугаарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд ямар агуулгатай зүйл, хэсэг, заалт, тайлбар нэмсэнийг эмхэтгэлийн шинэ дугаараас мэдэх боломжтой. Мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заажээ.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлсэн байна.

Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

Дээрх хуулийн хамт батлагдсан Хог хаягдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг мөн нийтэлжээ.

Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчин зарлигуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл