Цэс

Холбоо барих

ХЗБХ: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаан 09.18 цагт эхэлж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шатгай шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Тэрбээр, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоохоор төлөвлөсөн. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэлээ.


Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулав.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хэмнэнэ гэдэг тэвчиж болох зардлыг ярьж байгаа. Харин хэмнэж байгаа нь энэ гээд хийгдэх ёстой ажлыг төсвийн гадна үлдээх ёсгүй. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төсвөөс хасч болохгүй. Сүхбаатар дүүргийн ус зайлуулах байгууламжийн далангийн асуудыг Ерөнхий сайдад танилцуулж байсан. Гэтэл энэ асуудал эзэнгүй орхигдоод байна. Хүний амь нас эрсдэх аюултай асуудлыг хэмнэлт нэрээр хумьж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд авах замаар арвижуулах боломж байгаа эсэхийг тодруулсан.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гурван хэлбэрээр буюу арилжааны банканд байршуулан хүүгийн орлогоор, Монголбанк, Засгийн газрын бонд худалдан авах замаар арвижуулах боломжтой. 2020, 2021 онд цар тахлын улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, бусад арга хэмжээг авч хэрэгжүүлснээс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах, үнэт цаас худалдан авах арга хэмжээ хийгдээгүй. Одоогоор аль нэг арилжааны банканд байршуулах талаар ямар нэг шийдвэр гараагүй байна. Гэхдээ саналаа холбогдох газарт хүргүүлээд байгаа гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүд шүүх, ХЭҮК-ийн хөрөнгө оруулалтын зардал хасагдсан асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө зарахгүйгээр хүний эрхийг хамгаалж, шударга тогтолцоог бүрдүүлэх боломжгүй. Хөрөнгө оруулалтын зардлыг хассан нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх, ХЭҮК-ийн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч томилон ажиллуулах зэрэг  чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна хэмээн үзэж байгаагаа гишүүд илэрхийлж байлаа.  Ингээд УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр гаргах хэмнэлт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалт, төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинтай холбоотой асуудал, орон нутагт ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын цалин, бусад асуудлын талаар асууж, байр сууриа илэрхийлж байлаа. 

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо танилцуулан санал хураалган шийдвэрлүүлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.


Манай улсад хариуцлагын тогтолцоо, хууль зөрчиж буй үйлдлийг шалган шийдвэрлэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай,Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хуулийн уялдаа холбоог  хангах зайлшгүй шаардлага  байна хэмээн сайд мэдээллээ.

Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар  шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийг хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байна.

Түүнчлэн шийтгэлийн  төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгасан аж. Ийнхүү торгохоос өмнө нэг удаа сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн  90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд  учирдаг  хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас  2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад  шийтгэлийн шинэ  төрөл, уян хатан механизмыг бий  болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна хэмээн сайд мэдээллээ.


Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 2 дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг шинээр тусгажээ. Харин нийтийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зохицуулалтад мөн хамааруулахгүй байхаар тусгасан байна.

Хуулийн хэрэгжилт хэлбэрэлтгүй хангагддаг байх өөр нэг хөшүүргийг бий болгохоор зорьсон нь торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд үзүүлэх төрийн  зарим төрлийн үйлчилгээг хязгаарладаг байх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оролцох зэрэг эрхэд тодорхой хязгаарлалт хийж болох зохицуулалтыг тусгаан байна.

Түүнчлэн баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгасан аж. Ийнхүү шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан бөгөөд энэ хэсэгт заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан”-ыг шүүхээс тогтоон хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой  болсон байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд тусгах болсонтой холбоотойгоор, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан зөрчил оногдуулах баривчлах шийтгэлийг хасаж,  харин түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан зөрчлийг баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгаж боловсруулсантай холбогдуулан нийт 7 зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэхээр болжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан торгох шийтгэлийг  оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлыг арилгасан, нөхөн төлбөрийг төлсөн байдлыг харгалзахаар тусгажээ.

Мөн жагсаал цуглаантай холбоотой зөрчлийн зарим үйлдэлд  эхний ээлжинд сануулах шийтгэл оногдуулах, мөн гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм  зөрчсөн үйлдэлд  оногдуулж байсан баривчлах шийтгэлийг хасч, Зөрчлийн тухай хуулийн  төслийг дагалдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлж 3 хоногийн дотор хариу авахаар тусгасныг 1 хоног болгон өөрчлөхөөр тусгасан зэрэг нь  Монгол Улсын Үндсэн хуульд  заасан иргэдийн  үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг  хангахад  тодорхой хувь нэмэр оруулна гэж  үзэж байгаа юм байна.

Хуулийн төслийн тусгай ангид заасан 104 зөрчлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй уялдуулан тодорхойлжээ. Тухайлбал, гэмт хэрэгтэй давхардуулан хуульчилсан 23 зөрчил, хэрэглэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй байсан 81 зөрчлийн шинжийг нарийвчлан  тодорхойлсон байна.

Сонгуулийн тухай хууль зөрчих зөрлийн үйлдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдэд нэгэн адил шаардлага тавьж, хүлээлгэх  шийтгэлийг нэгэн адил байхаар тусгасныг анхаарч, эдгээрээс засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумд нэр дэвшигчийн зарим төрлийн зөрчлийн үйлдэлд тусгайлсан зохицуулалтыг бий болгосон гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт багтан ажиллах хүсэлтэй байна гээд хүний эрх талаас нь асуудалд хандан ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа.  

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд холбогдох зохицуулалтыг бий болгохоор боловсруулжээ.


Ингэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, шуурхай, чирэгдэлгүй болгох, зарим үйл ажиллагааг цахимжуулахад анхаарсан гэлээ.

Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрээр явуулж болох, цахим хэлбэрээр зөрчлийн хэргийг бүртгэх, дугаар олгох, шийтгэлийн хуудсыг цахим хэлбэрээр оногдуулж болох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Энэ нь шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөл боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Эдгээр зохицуулалт нь Улсын Их Хурлаас шинээр баталсан Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг хуультай уялдан хэрэгжих боломжтой юм байна.

Зөрчлийн хэргийг Эрүүгийн болон Захиргааны шүүхээр харьяалуулан шийдвэрлэж байгаа ялгаатай байдлыг өөрчилж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэхээр өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийг хэрэгжүүлэх, төрийн албадлага хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд нь  хүний эрхийг дээдлэх, иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, тухайн зөрчлийн үйлдэлд тохирсон хууль ёсны, оновчтой шийдвэрлэх гаргах, хуулийг зөв хэрэглэх сургалтад заавал хамрагддаг байх зохицуулалтыг бий болголоо хэмээн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татвартай холбоотой асуудал Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл дээр яригдан ямрыг нь татвараас зайлсхийсэн гэж үзэх, ямрыг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шийддэгийн цаана авлига бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, аливаа хэргийг заавал прокурорын хяналтын дор шалгадаг гээд татвартай холбоотой асуудлыг шалгах нь прокурорын хяналтгүй хийгдэх онцгой ажиллагаа биш гэж үзэж байна хэмээлээ. Тиймээс Ажлын хэсгийн хүрээнд ярилцан энэ асуудлыг нэг талд нь шийдэх ёстой хэмээн мэдэгдлээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл