Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг маргааш үргэлжлүүлэхээр тогтлоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.09.08/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 10 минутад эхэллээ.

Тус хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, дээрх тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын Дэд дарга Б.Баттуяа нар тус тус танилцуулга хийв. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6.0 их наяд төгрөгт хүрч, 98.7 хувийн гүйцэтгэлтэй, зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч 94.8 хувийн биелэлттэй гарсан. Төсвийн тэнцэл 1 их наяд 157 тэрбум төгрөгийн алдагтай байгаа юм байна.

Байнгын хорооны хуралдаанаар дээрхи асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд төсвийн гүйцэтгэлтэй холбоотой зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ажил хангалтгүй байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, О.Содбилэг нар Үндэсний аудитын газар нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй, асуудалд улс төржсөн, ёс зүйгүй байрнаас хандах тохиолдлууд гарч байсан тухай бүр холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч таслан зогсоож байгаагүй талаар санал хэлж, Үндэсний аудитын газар цаашид улс төрөөс ангид ажиллах шаардлаг, боломжоо хуулийн дагуу хэрэгжүүлэх, Улсын Их Хурлаас Үндэсний аудитын газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг гаргах талаар тус тус саналаа илэрхийллээ.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ажлын хэсгийн ахлагчаас найруулгын шинжтэй асуулт тавьж, хариулт авсан юм. Ингээд зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа. Байнгын хорооны дарга Н.Энхболд хийсэн танилцуулгадаа, хууль санаачлагчаас урьдчилан санал авсан. Үүнд, Ерөнхийлөгчийн Тамгын газраас 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь Намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал авсан боловч Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж, батлах боломжгүй. Иймд эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэх ёстой хуулиуд байна. Тухайлбал, төсөв, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа зэрэг 20 орчим хууль байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын бүлгийн хурал дээр дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан тул энэ асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг маргааш үргэлжлүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл