Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг БНСУ-ын Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа

  2017-02-08 16:58  1990

УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг өнөөдөр /2017.02.08/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ болон Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чон Ги Вон байлцав.


Уулзалтын эхэнд Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, урилгыг хүлээн авч, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийж байгаад ноён Элчин сайдад талархал илэрхийлэв.

Уулзалтаар парламент хоорондын төдийгүй хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж  байгаад талууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн Монгол-БНСУ-ын парламентын бүлэг нягт хамтран ажиллаж, хоёр улсын парламентын дарга болон Ерөнхий сайдын харилцан айлчлал, эдийн засгийн форумыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулах талаар ярилцлаа.


Уулзалтын үеэр УИХ-ын гишүүдийн туслахуудыг БНСУ-д сургалтад хамруулахаар тов гарсан болон хоёр улсын хүүхэд залуучууд, багш нарын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжихээр байгааг талууд хэлэлцлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2017-02-08 16:58  1990