Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.08/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт 29.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 19.7 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан байна. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 3.2 их наяд, авлага 6.2 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, үндсэн хөрөнгө 12.2 их наяд төгрөг байгаа аж. Нийт өглөгийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 3.3 их наяд, гадаад зээлийн өглөг 4.5 их наяд төгрөг байгаа юм байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 34 ерөнхийлөн захирагчийн 815 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм.

Мөн өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул иргэний нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгчид шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргахаас гадна хяналтын журмаар гомдол гаргах эрх олгох асуудлыг зохицуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох хэсгээс барьцаалагчийн эрхэд халдсан “Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн өгүүлбэрийг хасах өөрчлөлтийг тусгасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Байнгын хорооны хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох тухай Иргэний хуулийн зохицуулалтыг буцаан сэргээх үүднээс Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл