УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

  2016-09-09 01:00  239
/Монголын барилгачдын VI их хуралд/
Монголын барилгачдын VI их хурлын төлөөлөгчид, хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт барилгачид аа,
Монголын барилгачдын VI их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, их барилгын салбарт бүтээн байгуулалтыг өрнүүлэх чин хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа Монголын үе үеийн  барилгачид Та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөж, мэндчилье.  
 
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг шинээр гаргаж, 2016 онд Барилгын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн баталсан нь барилгын салбарын үйл ажиллагааг зах зээлийн харилцааны зарчимтай нягт уялдуулах, тус салбар дахь төрийн болон хувийн хэвшлийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, барилгын ажлын зөвшөөрөл авахтай холбоотой үйл ажиллагааг тодорхой дэс дараалалтай, хөнгөн шуурхай болгох, салбарын хууль дүрэм, стандарт, журмуудын уялдаа холбоог сайжруулах, шинэчлэх зэрэг зохицуулалтын талаархи төрийн бодлогын томоохон шийдэл болсон билээ.  
 
Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал таатай бус энэ цаг үед та бүхэн хуран цугларч, салбарынхаа өмнө тулгамдсан  асуудал, тохиолдож буй хүндрэлээс гарах арга замаа эрэлхийлж байгааг сайшаан тэмдэглэж байна. 
Барилгын салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ, ажлын далайц жил тутам нэмэгдэж, улс орны эдийн засгийн өсөлтөд тус салбарын оруулах хувь нэмэр жилээс жилд өсч байгаа боловч барилгын зарим компанийн зүгээс чанаргүй материалаар стандартад нийцээгүй барилга барих, хөдөлмөр хамгаалалд хайнга хандах зэрэг дутагдал гаргаж байгааг залруулах шаардлагатай байна. 
 
Сүүлийн жилүүдэд барилгын салбарын хөгжил барилга угсралт, хот байгуулалтын ажлын цар хүрээтэй уялдан тус салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэхийн хамт түүнийг бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал хурцаар тавигдаж байна. Барилгын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоог илүү цогц шинжтэй, залгамж чанартай, техник технологийн дэвшилттэй нягт уялдаатай болгох нь тус салбарын боловсон хүчний бодлогын гол цөм нь байх ёстой.
Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах нэгдсэн бодлого боловсруулж, “хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд барилгачдын үүрэг их байх болно. 
 
Монголын барилгачдын VI их хурлаас дэвшүүлэх барилга, хот байгуулалтын хөгжлийн бодлого нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилттой уялдаж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжих билээ.  
Монгол Улсын Их Хурал барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Та бүхний ажилд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно.
 
Та бүхэн их хурлаараа барилгын чанарыг сайжруулах, барилгын материалын үйлдвэрлэлд шинэ техник, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг нь олшруулах, норм, норматив, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэж, салбарынхаа үйл ажиллагааг бүх чиглэлээр идэвхжүүлэх  тодорхой шийдэлд хүрч, улам ихийг бүтээх урам зориг, эрч хүч авна гэдэгт итгэлтэй байна.
Барилгын салбарыг өндөр чанар, нарийн технологи шаардсан хүнд хүчир салбар гэдгийг мэдэрч, мэддэгийн хувьд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дахин дэвшүүлж, хурлын ажиллагаанд амжилт хүсье. 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН  ЭНХБОЛД
 
Улаанбаатар хот

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр


  2016-09-22 23:56  239