Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс тавьсан асуулгын хариуг сонсож, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа


  Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.10/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

    Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг эмчилгээнд хамруулах ажлын явцын талаар танилцуулав.

    Улсын хэмжээнд 2020 онд гепатитын дельта вирусын халдвараар 20-44 насны хүмүүс зонхилон өвдөж байгаа тул иргэдийг элэгний дельта вирусын оношилгоо, шинжилгээнд эрт хамруулах нь элэгний вирусээс үүдэлтэй хорт хавдрын шалтгаант өвчний нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг салбарын сайд тодотгоод 2021 онд бүртгэгдсэн нийт гепатитын цочмог халдварын 10 хувийг дельта вирусын халдвар эзэлж байна. Гепатит В вирусын халдвартай иргэдийн 60 хувьд нь дельта вирусын халдвар хавсарсан байх тооцоолол байдаг. Энэ тооцооллоор авч үзвэл манай улсад элэгний В вирус оношлогдсон 260 мянган иргэдээс 150 мянга нь В болон дельта вирусын хавсарсан халдвартай байна гэж байлаа. 

    Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг оношилгоо, эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Оношилгооны чиглэлээр Монгол Улсад гепатитын вирусын халдварын илрүүлэг шинжилгээг нийт 14 лаборатори, үүнээс идэвхжил тодорхойлох шинжилгээг 8 лаборатори хийж байна. Эмчилгээний чиглэлээр элэгний вируст гепатитын эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлөн иргэдэд олгож байна. Үүнд, элэгний В  вирусын 5 нэрийн 8 төрлийн эм, элэгний С вирусын 3 нэрийн 8 төрлийн эмийг олгож байна. Үүний нэгэн адил элэгний дельта вирусын эсрэг Hepcludex эмийг  эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгохоор төлөвлөж байна. Hepcludex эмийг 2021 оны А/347 дугаар тушаалаар 2 жилийн хугацаагаар өнчин эмийн жагсаалтад оруулсан. Ингэснээр Монгол Улс уг эмийг импортлон эмчилгээнд хэрэглэх нөхцөл бүрдсэн. Энэхүү эм нь 1995 оноос эхлэн судлагдаж, 2014 оноос Европын орнуудад эмнэлзүйн туршилтыг эхлүүлэн, 322 өвчтөнд хэрэглэсэн бөгөөд эрүүл мэндийн ноцтой хүндрэл гараагүй, эмчилгээний үр дүн сайн гэж үнэлэгдсэн гэж байлаа.  



Эрүүл мэндийн сайд хорт хавдарын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэж улсын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа талаарх мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсгэж байгаа шалтгааныг тодорхойлж, хувь хүний онцлогт тохируулан урьдчилан сэргийлэх, оношлох тогтолцоог бүрдүүлж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан байна. 2022 онд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ”-г тус тус баталсан гэдгийг дурдлаа. 

Эдгээр тогтоол, тушаалын дагуу иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан бөгөөд насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ тодотгоод эрүүл мэндийн даатгалын багцад орсон үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсанаар улаан хоолой, ходоод, элэг, уушги,  бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 170 778 хүн хамрагдсанаас 46.2 хувь нь эрэгтэйчүүд, 53.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 86 739 буюу 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 84 040 буюу 49.2 хувь нь орон нутагт  хамрагдсан. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн 71643 тохиолдол бүртэгдсэнээс 51711 буюу 72.1 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 7.5 хувийг дотоод шүүрлийн эмгэгүүд, 5.2 хувийг амьсгалын тогтолцооны эмгэг, 2.9 хувийг зүрх судасны эмгэг эзэлж байна гэв.



Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан иргэд эх орондоо оношлогдон эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд орчин үеийн үндэсний оношилгоо, эмчилгээний төвүүдийг байгуулах ажлын явцын талаар мэдээллэв. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын 2.2.13 “Оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд эх орондоо бүрэн оношлогдон эмчлэгдэх боломжийг бүрдүүлэх... ” зорилтын хүрээнд цусны хурц хавдрууд болон цусны бусад олон төрлийн өвчнийг эмчлэх АЛЛО-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төв, дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцрийн мэс засал хийх нүдний болрын мэс заслын тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, хүний нөөцийг бэлдэн ажиллуулж байна. Коронавируст халдварын геномын дараалал, бүтцийг тодорхойлох, вакцинжуулалтын дараах дархлаа тогтцын байдлыг үнэлж, дархлаа тогтох хугацааг тодорхойлох  “Вирусын геномын дараалал тодорхойлох” өндөр хүчин чадалтай 5 нэр төрлийн   лабораторийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, оношлуураар ХӨСҮТ-ийг хангаж, хүний нөөцийг Япон улсад мэргэшүүлэн Монгол Улсад SARS-CoV-2 бүрэн геномын дараалал тогтоох NGS технологийг бүрэн нутагшуулсан гэдгийг сайд  мэдээлэлдээ онцолсон. 

Мөн мэдрэлийн болон чих хамар хоолойн мэс заслын хавсарсан хүндрэлтэй тохиолдлуудад хамрын дурангийн гавлын суурийн мэс засал, тархи нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээний үед ашиглагддаг, эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага, тархины гүнд байх амьсгал, зүрх судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авах сүүлийн үеийн шинэ технологи “Мэдрэлийн болон чих хамар хоолойн мэс заслын навигацийн төхөөрөмж”-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улсын нэгдсэн I,II,III төв эмнэлгүүдэд нэвтрүүлээд байна гэж байлаа. 

Түүнчлэн 2016 оноос  Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээг Улсын нэгдсэн III төв эмнэлэгт хийж эхэлсэн бөгөөд 2021 онд энэ эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх боломжийг бүрдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетер аблаци”-ийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, эмчилгээ үйлчилгээ хийхэд бэлэн болгосон гэв. 

Нарийн гэдэсний оношилгоо хийхэд хүндрэлтэй байдаг байсан өндөр өртөг бүхий “нарийн гэдэсний дуран” тоног төхөөрөмжийг 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, дурангийн оношилгоо, эмчилгээ хийж эхэлсэн. Үндэсний хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчдийн дунд удамшлын эмгэг, хромосомын эмгэгийг цитогенетик, молекул биологийн аргаар оношлох, пренатал скрининг, оношилгоо хийх зорилготой жирэмсний 1 ба 2 дахь гурван сард хийгдэх удамзүйн шинжилгээний цогц аргаар шинжлэх, удамзүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, удамшлын эмгэгийн өнөөгийн байдалд тандалт хийх “Удам зүйн лаборатори”-ийг 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улсын төрөх эмнэлгүүдэд суурилуулж байна. Коронавируст халдварын эмчилгээ, эрчимт эмчилгээний зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгааг С.Энхболд сайд мэдээлэлдээ дурдлаа. 



Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Баярсайхан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Н.Учрал, Ё.Баатарбилэг, Т.Аубакир, Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлэв.

Гишүүдийн зүгээс 2021 онд 55 хүүхэд  хорт хавдрын өвчлөлөөр нас барсан тоон мэдээлэл байгааг тодотгоод хүүхдийн хорт хавдраар өвчилж буй шалтгааныг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрт илрүүлэг үзлэгийн явц байдал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үр дүнгийн талаар илүүтэй лавлаж байлаа. 

Эрүүл мэндийн яамны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох хариултдаа, 2002 оны 05 дугаар сарын 01-нээс эхэлсэн эрт илрүүлгийн үзлэгийн явцыг өчигдрийн байдлаар авч үзвэл 170 гаруй мянган хүн хамрагдаад байгаагийн 70 гаруй мянган хүнд өвчлөл бүртгэгдсэн байна. Бидний хувьд монголчуудад зонхилон тохиолддог найман төрлийн хавдрыг эрт илрүүлгээр илрүүлэхээр зорьж байгааг онцолсон. Мөн тэрбээр, 2016 оны байдлаар нийт хавдрын өвчлөлийн 39.1 хувь нь элэгний хавдар байсан бол 2021 оны жилийн эцсийн дүнгээр 32.7 хувь болсон. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нийт хавдрын эзлэх хувьд элэгний хавдар 6.4 хувиар буурсан нь үр дүн сайтай байна гэж  үнэлсэн гэв.   

Монгол Улсын хэмжээнд жилдээ 120-130 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдож байгаа бөгөөд үүний дийлэнх хувийг цусны хавдар эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод үүнд хүнсний хэрэглээ, цаашлаад хүнсний сав, баглаа, боодол гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг тул нийгмийн хөгжлөө дагаж өвчлөл нэмэгддэг талтайг тодотгосон. Салбарын яамны зүгээс хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулахад бусад салбаруудтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Удам зүйн лаборатор”-ийг байгуулах буюу хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлох лабораторийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулан ажиллаж байна хэмээлээ.

Мэдээллийн төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, салбарын яамны удирдлагууд асуулгаас гарсан гишүүдийн саналуудыг онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд “Элэг бүтэн Монгол”  чухал хөтөлбөр тул цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй. Зөвхөн Д вирусийн эмчилгээг хүлээх биш холбогдох хэлэлцээрүүдээ хийхээс эхлээд бусад  эмчилгээнүүдээ сайн хийхэд анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн тэрбээр, цаашид эрт илрүүлэх үзлэгийг оновчтой болгох, эрүүл мэндийн салбараа эдийн засагжуулах, цалин хөлс бага, ажлын ачаалал маш өндөр байгаа эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захив. 

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ

    Дараа нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. 



   

    Энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нарыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Улсын Их Хуралд санал болгосныг дурдаад Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123-126 дугаар зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан гэв. 

    Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр А.Батбаярыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд гаргасан дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсголын үеэр танилцуулсан гэж байлаа. 



    Монголын Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж олонхын саналаар нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, үндэслэлийг тусгасан тайлан гаргасныг Улсын Их Хурлын нийт гишүүд, нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлсэн. Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд сонсголын тайланд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг тусгажээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгохдоо Үндэсний зөвлөл нь санхүү, эрүүл мэндийн эдийн засгийн нарийн судалгаа, тооцоонд үндэслэн мэргэжлийн шийдвэр гаргадаг гэдгийг харгалзан үйлдвэрчний эвлэлд олон жил ажилласан, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл гэхээс илүү нийт даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүл мэндийн салбарын эдийн засгийн асуудлаар мэргэшсэн, мэдлэг, ур чадвартай хүнийг дэвшүүлэхийг зөвлөсөн байна. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нэр дэвшсэн гишүүд шаардлага хангаагүй талаар хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Замбалын Цогтгэрэл, Чагнаагийн Нарантуяа нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг Б.Бейсен гишүүн танилцуулгадаа дурдлаа. 

    Чуулганы нэгдсэн хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирсэнгүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, үг хэлсний дараа Замбалын Цогтгэрэл, Чагнаагийн Нарантуяа нарыг даатгуулагчийг төлөөлсөн Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. 

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нарын 26 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

    Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар тус тус танилцуулсан. 



    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, экспортын 93 хувь, гадаад шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн нийт орлогын 30 орчим хувь буюу 4 их наяд төгрөгийн татварыг эрдэс баялгийн салбараас төвлөрүүлжээ. Манай улс газрын хэвлийн баялагтаа тулгуурлаж ашигтай, ил тод хариуцлагатай, хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий олборлох болон нэмүү өртөг шингэсэн эрдэс бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэр ложистикийн зөв бодлого баримтлах нэн шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулгадаа дурдав.

   Өнгөрсөн жилээс эхлэн өнөөг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа хэдий ч манай төрийн өмчит компаниудын борлуулалтын үнэ дэлхийн зах зээлийн үнээс  гурав дахин бага байна. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өссөн шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. 

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлоод төсөл санаачлагч нь уул уурхайн компаниудын нүүрсний олборлолт, экспортоос олсон ашгийг  Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ашиглах төрийн урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, уул уурхайн салбарт хэрэгжиж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тус салбараас Монгол Улсын хүртэж буй орлогын урсгалыг хянах, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийн шалтгаан нөхцөлийг олж тогтоох, хянан шалгах, улмаар уг хүндрэлийг  даван туулах арга замыг тодорхойлох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсныг дурдав. 



    Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энхбаяр түр хорооны бүрэлдэхүүнийг сонгохдоо анхаарах, Байнгын хорооны эрхлэх асуудлыг хянан шалгах түр хороо байгуулж хийх нь зохисгүй, буруу жишиг тогтож байна гэсэн саналыг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа дурдсан. 

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын асуултад, төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Ганболд, Т.Энхтүвшин нар хариулав. 

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энхбаяр нартай байр суурь нэг байгаагаа илэрхийлээд  шалгалтын сэдэв гэдэгт хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтооно гэсэн нь дараагийн удаа шалган тогтооно гэдэг үндэслэлээр түр хороод байгуулах буруу жишгийг тогтоох вий гэдгийг анхааруулав. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны мөн чанарыг гажуудуулах төдийгүй Байнгын хороодын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах талтайг тодотгож байлаа. 

    Төсөл санаачлагч гишүүн Г.Ганболд хариултдаа, Гашуунсухайтын  боомт дээр 20 км газарт нэг машин нүүрс тээвэрлэхэд  80 сая төгрөгт хүрснийг онцлоод эм, хил гаалийн асуудалд мөрдөн шалгах түр хороо байгуулах нь оновчтой гэж үзэж байна гэв. Мөн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын хилээр хууль бусаар алт гаргах, мэдүүлэггүйгээр нүүрс зөөхөөс эхлээд хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг тулгамдсан асуудлууд их байхад УИХ Хянан шалгах түр хороо байгуулаад асуудлыг шалгаж ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Гашуунсухайт, Замын-Үүд дээр боомтын шинэчлэлийн ажил өрнөж буй энэ үед хил, боомтуудаар явж, ачаа тээврээ хэрхэн гаргах, боомтын барилгын ажлыг хэрхэн дуусгах талаар шалгаж үзэх нь зүйтэй гэсэн тайлбарыг хэлж байлаа. 

    Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжив.

    Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл